ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Монгол Улс дахь мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, энэ оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатарт 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгджээ. Дээрх тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн тус тус байна.
Тэгвэл 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насныхан эзэлж байна. Эдгээр 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд аж.
2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны III улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэгт бүртгэгджээ. Үүнээс 11 нь олон улсын шуудангаар илгээсэн хэрэг байна. Тухайлбал, Тайланд, Герман, Испани, БНХАУ, АНУ, Нидерланд зэрэг орноос олон улсын илгээмжээр илгээхийг завджээ.
Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Мөн сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “ургамлын гаралтай мансууруулах бодисын хэрэглээг зөвшөөрөх ёстой, хүний эрхэнд хэт халдаж байна” гэсэн агуулга бүхий мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан цацаж байна. Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан орны зарчим ч манай улс хар тамхи түүнтэй холбоотой бусад асуудлыг хуулиар хориглодог юм. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Ийм яриа гарган хүүхэд залуучуудыг уриалан сурталчлаад байгаа хүмүүстэй тэмцэж ажиллана” гэв
Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)