БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн газрын ойролцоох 477 метр урттаай гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээх ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайлд У.Хүрэлсүх, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Шин Хаймин нар оролцлоо.
Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “1.5 сая хүн амтай, түүнийхээ гуравны нэгд тэмцэх хэмжээний автомашинтай байна. Бидэнд тулгарсан олон асуудал бий. Тухайлбал, агаарын бохирдол, автомашины түгжрэл зэрэг цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөний дайсан болсон. Тиймээс эдгээр асуудлуудыг цэгцлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцолтой гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Төмөр замын хорьдугаар товчоо групп” корпораци ажллаж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр ложистикийн сүлжээг өргөжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр Яармагийн өргөн түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн дөрвөн эгнээ, Сонсголонгийн дөрвөн эгнээ гүүр, төмөр зам, нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих болон Налайхын чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн гарцын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Уг гүүр ашиглалтад орсноор тус газрын уулзварын түгжрэл 30 хувь буурах боломжтой” гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Миний өгсөн үүргийг цаг тухайд нь сайн биелүүлж байгаа Хотын дарга болон Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хамт олон мөн энэ ажлыг удирдан зохион байгуулж хийсэн болон авто замын барьсан Хятадын Төмөр замын хоёрдугаар автозамын хамт олон, туслан гүйцэтгэгч нарт талархаж байна. Монгол-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн баярын үеэр ашиглалтад орж байгаад баяртай байна. Дутуу дулимаг зарим нэг ажлыг энэ ондоо багтаан хийх хэрэгтэй. Удахгүй Налайхын зам ашиглалтад орж байгаа. Зүүн тийш явж байгаа бүх хүн баярлана гэдэгт итгэл төгс байна. Мөн Дарханы чиглэлийн зам ашиглалтад орох ёстой” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)