Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэгт хоёр иргэн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан байдалтай олдсон билээ.
Тодруулбал, 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан юм. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм байна.
Хэргийн газраас гурван ширхэг мөнгөн дэвсгэрт, 100 грамм тунгалаг шингэн, хар өнгийн нунтаг бодис зэрэг эд мөрийн баримтыг цагдаагийн алба хаагчид хураан авчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Талийгаач Ч нь 2016 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэргээр шүүхээс 6 сарын ял сонсож байсан юм байна. Уг хэрэгт дөрвөн иргэнийг холбогдуулан баривчилж, шалгахад хар тамхи хэрэглэсэн, хадгалж байсан нь тогтоогджээ.
Ташрамд дурдахад, 2017 оны байдлаар Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 117 хэрэгт 275 холбогдогч шалгагдаж байсан бол хэргийн тоо 2018 онд 199 болж 412 хүн холбогдон шалгагджээ. Тэгвэл 2019 оны эхний есөн сарын байдлаар 181 хэрэгт 319 хүнийг энэ төрлийн гэмт хэргээр шалгаж байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)