Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар оруулж ирэх, худалдан борлуулах, хадгалах, тээвэрлэх хэрэг олширч буй. Уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтарсан тусгай ажиллагааг үе шаттай явуулж буй. Тэгвэл энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газруудад шалгалт хийсэн байна.
Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний хоёр газарт шалгалт хийжээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогджээ. Тиймээс дээрх 24 иргэнийг дайчлан баривчилсан байна. Хар тамхи хэрэглэсэн иргэд нь 21-41 насных бөгөөд эдгээрийн дунд Бүгд найрамдах Герман улсын хоёр иргэн байсан гэх мэдээлэл байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)