Нийслэлийн Прокурорын газраас олны анхааралд өртсөн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тэр дундаа УИХ-ын нэр бүхий гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд ЖДҮХС-гаас зээл олгосон гэх хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, энэ талаар нийслэлийн Прокурорын газраас “Олны анхааралд өртсөн цөөнгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Үүнд,
- 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт төрийн эрх мэдлийг бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
- Төрийн албан тушаалтан бусдыг хүчиндсэн, хүчиндсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, харъяалах дүүргийн шүүхэд мөн шилжүүлсэн.
- Төрийн банкны болон Барилга, хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн.
- ЖДҮ-гийн гэх хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан, өгсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
- Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангиар зүйлчилж, шүүхэд шилжсэн
- Шүүх шинжилгээний хүрээлэнгийн хэлтсийн дарга бусдаас авлига авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн юм.
Хэдийгээр прокурорын байгууллагаас ЖДҮ-гийн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж байгаа ч энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн эсэхийг тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэрэг шилжиж ирсэн. Гэхдээ манай шүүх хүлээж аваагүй. Учир нь тухайн хавтаст хэргийг хүлээж авах шаардлага гэж байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй учир хүлээж аваагүй. Прокуророос хэзээ ирүүлэхийг мэдэхгүй” гэсэн юм.
Эндээс үзвэл, процессийн алдаанаас болж ЖДҮ-гийн гэх хэрэг шүүхэд хараахан шилжиж амжаагүй бололтой.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)