Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Жил бүрийн өдийд гэмт хэргийн гаралт өсдөг. Аж ахуй нэгжүүд 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил удаа дараа илэрч байна" гэлээ.
Өнгөрсөн 2018 оны мөн үед найман оюутан эрүүлжүүлэх байрт саатуулагдсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн аж.
Түүнчлэн зам тээврийн осолд өртөх нь олширдог аж. Тодруулбал, өнгөрсөн 2018 онд 45 хүүхэд авто ослоор нас барсан байна. Хохирогчдын зургаа нь наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 20-ны хооронд зам тээврийн ослоор нас баржээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй тухайн сургууль гэрээ байгуулах ёстой юм байна. Хэрвээ гэрээнд заасны дагуу хүүхдэд хараа хяналт тавиагүй байдлаас болж осолд өртсөн, товлосон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авах аж. Учир нь эцэг, эхчүүд хүүхдийг эхний нэг сард сургууль, гэрийн хооронд зөөдөг байна. Үүнээс хойш бага насны хүүхдийг ганцааранг нь гудамж зам талбайд зорчуулах нь олширдог аж. Энэ тохиолдолд хүүхдүүд осолд өртөх тохиолдол ихэсдэг болох нь судалгаагаар батлагдсан учир сургууль болон эцэг, эхийн хооронд гэрээ байгуулах замаар хүүхдийг ослоос хамгаалахаар болжээ.