Уул уурхайн компаниудтай хийх Ерөнхий сайдын тэмцэл Засгийн газрын төвшинд, зарим тусгай зөвшөөрлийг цуцалж, Ажлын хэсэг байгуулснаар үргэлжилж байна. Энэ тухайгаа Ерөнхий сайд “Ард иргэдийн тэмцэл туйлдай хүрч, эцэстээ нулимсаараа өгүүлж байна” хэмээх утга бүхий үгээр тодорхойлж, хуулиар олгосон харьяа байгууллагаа чиглүүлэх болов. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хууртжээ. Нөхөн сэргээлт байтугай татварын тухай “ойлголтгүй” нинжа нарт. Шилжилтийн үед "90 саяын Гансүх" хэмээх орчин цагийн шилийн сайн эр Ерөнхийлөгчдөө цаасан малгай өмсүүлсэн жишиг энэ цаг үед өөр нэгэнд сэдэл төрүүлж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хөдлөхөд хүргэсэн хэрэг.
Ийн тодотгох болсон нь учиртай. Юу гэхээр Ерөнхий сайдын зүрхийг огшоож, цээжээ дэлдэхэд хүргэсэн өнөөх эх орон тэмцэгч нь өөрөө үнэнээс, бодит байдлаас хэт зөрсөн нэгэн байжээ. Энэ тухай саяхан Тост, тосон бумбын нуруу орчимд үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн удирдлага илчилсэн байх юм. Нэр нь “Баатар ван транс”.
Тус компанийн эзэмшлийн талбайд өнгөрсөн өдрүүдэд үүссэн нөхцөл байдлын талаар тэрбээр livetv.mn сайтад тайлбар өгчээ. Тус компанийн захирал И.Пионер энэ тухай “12 мотоцикль, 14 автомашинтай сумын иргэд манай уурхайд ирсэн. Хоёр гурван жил тайлан тавиагүй юм уу гэх зэрэг асуудлаар. Уг нь бид холбогдох зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа компани. Миний гарт энэ бүх асуудлаарх бичиг баримт нь байна. 02, 05 гэсэн дугаар гэрчилгээтэй. Бид улсад холбогдох татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий сайдын гаргасан зөвлөмжийн дагуу ашигт малтмал, мэргэжлийн хяналт холбогдох байгууллагаас манайх гэлтгүй холбогдох газруудад шалгалт хийсэн. Энэ үеэр манай уурхайд байгал орчны асуудал байна гээд торгууль тавиад явсан. Манай хөрш үйл ажиллагаа явуулдаг “Говийн хөгжил залуус” бил үү тэр уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон юм билээ. Бичиг баримт нь дутуу гэнэ лээ. Гэтэл нь ямар компанийх нь үйл ажиллагаа хаагаад ямрынхыг нь хаадаггүй юм гэсэн асуудал үүссэн юм билээ.
Үнэн чанартай энэ үеэр манай дөрвөн ажилтан бэртсэн. Ажилд орох гэж шөнийн 22.00-23.00 цагийн үед хүн компани дээр очих уу?. Ажилд нь орох байгаа хүн эхлээд анкетаа бүрдүүлэх ёстой биз дээ. Гэтэл 200-300-гуураа шөнө ороо очоод компанийн хашаа эвдэж болохгүй биз дээ. Бүр тэнд зогсож байсан хүнд механизмыг асаах гэж дайрсан. Манайхан асаагаад талбайгаас холдуулсан. Энэ бол 2014 оноос эхэлсэн асуудал. Хуучин эзэнгүй байхад нь явж л байсан. Тэр бүгдийг холбогдох газарт нь баримт болгож өгсөн. Ийм байдлаар манай машин техникийн цонхыг хага цохиод хаячихдаг болохоор асааж зайлуулсан юм. Гэтэл “Техник хэрэгслэээ асаагаад биднийг дайрах гэж байна” бидэн рүү дайр байгаа байхгүй юу. Тэгж болохгүй. Адилхан амьдарч байгаа хүмүүс.
Манай уурхай шороогоо овоолж байгаад дамжуургаар зөөдөг. Гэтэл тэд нөөцийн овоолго руу дайрсан. Наадуул чинь бол нинжа нар шүү дээ.
Тэр эмэгтэй монголд нэртэй нинжа. Дандаа ард түмнийг турхирч явдаг. Үүнийг Өмнөговь байтугай Монголын ард түмэн мэдэж байгаа. Ингэж ярьж байгаа юм. “Адилхан хоёр компани байхад нэгийг нь хаагаад нөгөөхийг нь хаагаагүй юм. Танайх яасан их арын хаалгатай юм” гээд л. Нэгэнт Ерөнхй сайдын захирамж гарчихсан болохоор бүгдийг нь шалгана. Бичиг баримт нь бүтэн бол явуулна.
Дутуу байвал хаана. Төрийн шийдвэр. Гэтэл төрийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа асуудал. Нэг хүнийг хүрзээр цохиж гэмтээсэн эмнэлэгт хэвтэж байна. Нэгийг нь бас хүрзээр цохьсон цусаар бөөлжөөд бие тааруухан, онгоцоор авч явахаас аргагүй байдалд байна. Цүнхэл рүү шидсэн гэдэг нь манай харуул тухайн хүнийг далан руу орох гэхэд нь очсон. Ямар ч эрүүлсэн саруул ухаанаар бодоход хүн шөнийн нэг, хоёр цагт адилд орно гэж очих уу?. Хоёрдугаарт, 12 метр газар руу шидүүлсэн хүн өдийд амьд байх уу. Бодох хэрэгтэй.
Холбогдох газраас хийсэн дүгнэлт гэж байдаг юм. Бидний хувьд үйл ажиллагаа явуулах эрхээ авсан компани. Холбогдох газарт нь шинжлүүлж байж борлуулдаг. Улаан өнгөтэй чулуу учраас хятадууд авдаг. Олон жил зарж байна. Албан ёсоор холбогдох ном журмын дагуу гаргадаг. Татвараа төлдөг.
Манай ашиглалтын талбай бүрэн камержсан. Бүх үйл ажиллагаа бичигддэг. Тэмцэгчдийн хэлээд байгаа бүх асуудал камерт байгаа. Гэтэл “Та нар дөрвөн жил ухлаа. Одоо би ухна гэж байна. Нарийн яривал манай газарт таваас зургаан хүн нас барсан. Мэргэжлийн хяналт, цагдаа бүгд мэднэ. Манай ашиглалтын талбайд багахан сумын наадмаас илүү юм болдог шдээ. Нинжа нар олборлолт хийвэл Монголын төр засагт татвар төлөх үү?. Гэрээ хийх үү, үгүй. Дандаа хулгайгаар гаргана.
Бидний хувьд албан ёсоор гаргадаг. Компани байгуулагдсанаасаа хойш сумын Сурын холбооны бүхий л тэмцээн уралдааныг ивээн тэтгэж байна. Хоёроос гурван мянган мод тарилаа. Оюутнуудын сургалтын төлбөрийг төллөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан асуудлыг шийдэж байна. Монголд байхгүй өнгөт чулууны галерэй байгуулж байна.
Энэ бичлэгт “Газар нутгаа авъя. Та нар дөрвөн жил ухлаа. Одоо бид ухъя” гэж хэлж байгаа юм. Нинжа нар олборлолт хийхээр байгаль дэлхийгээ сүйдлээд хаядаг атлаа нэг ч төгрөгийн татварыг улсад төлдөггүй. Харин бид бол төлдөг. Нутгийн иргэдийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дааж, нөлөөллийн бүсийн айлуудад өвөлдөө тэжээл өгдөг. Бас сумын төв дээр ажлын байр бий болгох зорилгоор ахуйн үйлчилгээний төв хүртэл барьж байгаа.
Манай олборлох талбайд нутгийн хоёрхон иргэн ажилдаг. Гурвантэс сумын иргэд үнэхээр хариуцлагагүй. Ажилд авахаар долоо хоног ирж ажиллаад алга болдог. Тэгснээ юу ч болоогүй юм шиг хүрээд ирдэг. Ингэж болохгүй биз дээ. Өдөр нь ажиллах үедээ улаан хас чулуу хаана байгааг нь тогтоож авангуутаа шөнө тэр хэсэг рүү бөөнөөрөө дайрч ухдаг ч тал бий.
Бидний олбордог улаан чулууг барилгын өнгөлгөөнд ихээр ашигладаг. Улаан өнгөтэй болохоор нь хятадууд маш өндөр үнээр авдаг. Нэг кг чулууг 50-250 юанаар хятадууд авна. Манай компани өдөрт дунджаар 300-400 кг чулуу олборлодог.
Компанийн 40 хувь нь БНХАУ-ын иргэн Шү Гоашингийнх. Үлдсэн 60 хувь нь И.Баатарзоригтийнх. Улаан хас чулууны олборлолтыг 100 хувь манай компани хариуцан ажилладаг. Харин Шү гоашингийн хувьд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцдаг байгаа. Манай компанид хятадууд огт ирдэггүй гэж худлаа хэлэхгүй. Улаан чулууг нийлүүлэх зорилгоор хятадын худалдан авагчидтай үе үе уулздаг” гэжээ.
Сонирхолтой нь, И.Пионер захирал албан тайлбарынхаа үеэр нэгэн үнэнийг илчиллээ. “Хэдий хэмжээний эрх мэдэлтэй, хэнбугай ч байсан миний нутгийг бүрэн бүтэн үлдээ” хэмээн Галданбошигт хааны үгийг санагдуулам өгүүлбэр хэлж, олны өмнө нулимсаа “нуугаагүй” зарим нэгэн хүний үг нэг өдрийн настай байсныг.
Тодруулбал, “Зурагтаар Гурвантэс сумын Нямдаваа гэх хүн уйлж ярьж байгаа бичлэгийг Ерөнхий сайд үзсэн байна билээ. Манай ард түмэн тэмцэж байна гээд. Тэр хүн бол нинжа. Манай талбайд нүх ухаад байж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Нүхэн дотроо ороод бидэнтэй муудалцаж байгаа бичлэг нь хүртэл байна. Тэр хүн ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн үнэнээр нь мэдэх ёстой байх. Тэрийг ард түмэнд харуулах хэрэгтэй. Үнэхээр энэ хүн эх оронч мөн үү?. Баримтаар зургийг нь харсан нь дээр” гэжээ.
Үнэхээр ч И.Пионер захирлын хэлснээр уйлдаг, иргэн Нямдаваагийн “олборлолт” хийж байгаа үнэн төрхийг тухайн уул уурхайн ашиглалтын талбайд хэн нэгэн очиж, бичлэг хийж баримтуулжээ. Харин тэрбээр “Наад бичлэгээ боль. Хөөе. Энэ нэг юмандаа хэлээч. Ядаргаатай П вэ?.” хэмээсэн нь камерын бичлэгт тод үлдсэн бололтой.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (59)