Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар НМХГ, НАЗХГ, НОБГ-аас мэдээлэл хийлээ.
Наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд их хэмжээний хүчтэй бороо орсны улмаас Дарх-Эхийн дунд буудал, Хан-уул дүүргийн Хүннү молл, Гэгээнтэн хотхоны уулзвар, Баянмонгол хороолол, 7-н буудал, 25 дугаар эмийн сан, Нарны гүүр, Вокзал, Богд Ар хотхоны Алтай хотхоны авто замын нүхэн гарц зэрэг газар ус тогтжээ. Мөн 33 удаагийн үел усны дуудлага НОБГ-т иржээ. Үүнтэй холбогдуулан уг хэсгүүдэд ажиллах ажлын хэсэг гарч, үүссэн нөхцөл байдлыг шуурхай ажилаж хэвийн байдалд оруулжээ.
Мөн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах автозамын байгууламж, үерийн далан сувгад ус давсан нөхцөл байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллажээ. Үүнтэй холбогдуулан зөрчилтэй баригдаж байсан дөрвөн барилгын компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
Ингээд борооны улмаас эвдрэл үүссэн автозамын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид зам талбайд үүссэн усыг соруулах, лаг шавруудыг цэвэрлэх зэрэг цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг хийж байна. Одоогийн байдлаар нийт гарсан хохирлын хэмжээг судалж байна. Хамгийн гол нь Яармагийн зам дээр их хэмжээний ус тогтсон асуудал үүссэн. Тухайлбал, хоёр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Наадамчдын автозам усанд автсан. Уг асуудлыг үүсгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Хотын дарга зогсоосон. Наадамчдын замд өмнө нь ус тогтож байгаагүй. Харин тус компаниуд барилга барихдаа үерийн жалгыг хааснаар ус тогтсон юм.
Түүнчлэн тус газар барилга барьж байсан компанийн нэг “Талст ширээт” ХХК барилгын зургаа нийслэлийн Авто замын хөгжлийн газартай зөвшилцсөн гэж хүмүүст ташаа мэдээлэл тараасан байна. Хөдөө орон нутгаас шилжилт, суурьшилт нэмэгдэж байгаатай холбогдуулан барилгын ажлууд ихээр явагдаж байна. Энэ барилгууд холбогдох зөвшөөрлөө авахгүй барилгын ажлаа эхлүүлж байгаагаас бусдын эрх ашиг хөндөгдөж байна. Хоёрдугаарт, Бид автозамыг аль болох гэр хороолол, зуслангийн чиглэл рүү түлхүү тавих бодлого барьж ажиллаж байна. Гэр хорооллууд өндөрлөг газар байдаг учраас гадаргуугаа усаар зайлан ус нь үерийн шугамаар дамжин явах байтал иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жалгыг хаасны улмаас үерийн ус автозам руу хальж орж ирэн хүний амь нас, эд хөрөнгө хохирох асуудал үүсээд байна. Тиймээс иргэд аж ахуйн нэгж үерийн суваг шуудуу, жалгыг хогоор дүүргэхгүй байх, таглаж барилгын ажил эхлүүлэхгүй байхыг анхааруулъя” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)