ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байна. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байсан туршлагатай. Харин энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүн байрт шалгарлаа.
Удаахь байрт Казахстан шалгарсан бол Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус оржээ. "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам" манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин амжилттай зохион байгуулсан энэ байв. Энэ удаагийн уралдаанд оролцогчоор Монгол Улс, ОХУ, Казакстан, Киргизийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам зэрэг улсс ажиглагчаар оролцсон юм.
Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан түүнийгээ уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэжээ. Тэмцээний талаар 24 фотог хүргэж байна.