“Оюутолгой” компани 2019 оны хоёдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр одоогоор ашиглаж байгаа зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй байна.
Энэ чигээрээ үргэлжилбэл эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий болсон. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх шаардлагатай. Мөн гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно" гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалж, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэх төлөвтэй байгаа аж. Энэ нь 2016 онд батлуулсан ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилсон үзүүлэлт юм. Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарсан нь өмнөх дүн болох 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давжээ.
"Оюутолгой" компани 2010 оноос 2019 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар, Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтандаа 488 сая ам.долларыг зарцуулжээ.
Мөн “2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар нийт 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн. 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн. Энэ оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулсан” гэдгийг онцолсон юм. Гүний уурхайн төслийн 2019 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд 39,156 тонн зэс олборлосон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар буурсан, 71,825 унц алт олборлосон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар илүү, тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар илүү байна гэлээ.
Г.Эрдэнэ