УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-31-нд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
Айлчлалын үеэр, УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.
Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (3)