Төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудад холбогдох хэрэг шүүхийн шатанд шилжсэнээс хойш хэрхэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байсаар олон жилийн нүүр үзэж буй. Тэгвэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон эрхмүүдэд ял оноосон сүүлийн хоёр жилийн хугацаан дахь анхны тохиолдол өчигдөр боллоо.
Энэ бол хятадын компанид давуу эрх олгох замаар 266 сая төгрөгийн хээл хахуул авсан Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэг. Түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж, дөрвөн жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдэх замаар олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэ бол анхан шатны шүүх гэдгийг санах хэрэгтэй.
Ийнхүү сайд асан М.Сономпил нь албан ёсоор ялтан болж, хорих ангид хоригдсон. Гэхдээ түүнд ялаас мултрах хоёр боломж бий. Энэ бол хяналтын болон давж заалдах шатны шүүх хурал. Тухайн ялтан шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эсэхээ шийдэх учиртай. Гэхдээ өнөөгийн практикаар бол гэм буруутай тооцогдсон болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг алгаа тосоод хүлээж авсан удаа нэгээхэн ч байхгүй. Энэ утгаараа М.Сономпил давж заалдах нь тодорхой.
Хамгийн хачирхалтай нь, шүүх танхимаас М.Сономпилд үүсгэсэн эрүүгийн хэргээс нэгийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...хахууль авсан...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.
Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэл буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-гээс 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэж заасан үндэслэлээр яагаад ч юм бэ, хэрэг хүлээлгэхээс татгалзаж, шүүгч хэргийг нь хэрэгсэхгүй болсон байгаа юм.
Тайлбар нь маш инээдтэй.
Дэлгэрүүлбэл, шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болсон шалтгаанаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл буюу Хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн хэсгийн 1.1-т ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж заасан байх юм.
Угтаа бол АТГ болон нийслэлийн Прокурорын газраас сайд асан М.Сономпил нь гэмт хэрэг үйлдсэн байна, хахууль авсан байна, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдлоо гээд шүүхэд шилжүүлсэн байлтай. Гэтэл шүүх танхимаас гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгох нь ямар учиртай юм бэ.
Хэрвээ прокуророос үйлдсэн яллах дүгнэлтээр М.Сономпилийг шүүсэн бол тэрбээр 4-хөн жилээр эрхээ хасуулсан төдийхнөөр ял завших боломжгүй байв.
Эндээс л Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүхийн шинэчлэл үнэхээр нүдээ олж байгаа эсэхэд эргэлзэхэд хүрч байна.
Ийнхүү прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргээс нэгийг нь хэрэгсэхгүй болгосноор төрийн өндөр албан тушаалтнууд ял завшдаг, шүүгч нар хуулийг “гажуудуулдаг” гэдгийг бүрэн утгаар нь нотлон харууллаа. Тиймээс л Ерөнхийлөгч өө, төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоо шүүхийн танхимд үгүйлэгдэж байна. Шударга үнэний сэлмээ хурцлаач гэж хүсье.
Хэрэв зээ, энэ мэт үйлдэл удаа дараа давтагдвал Сангийн сайд асан С.Баярцогт болон Ерөнхий сайд асан С.Баяр, Жастын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэрэг М.Сономпилийн араас салхинд хийсэх нь тодорхой биз ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (35)