Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
“Жастын Ш.Батхүүгийн тодорхой хөрөнгийг битүүмжилсэн болохыг та бүхэн мэднэ. Энэ хүрээнд Зөрчлийн тухай хууль болон Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давхцалыг арилгуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд санал өргөн мэдүүлсэн. Яг одоо хэлэлцүүлэгдэж байна. АТГ-т хүсэлт гаргаж 185 обьектын жагсаалт гаргуулж авсан. Олон тооны автомашин бий. Олон овоот гоулд ХХК-иас эхлээд нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө бий. Бензин клонкууд нь одоог хүртэл ажиллаж байгаа хэрнээ ямар ч мөнгө байхгүй гэдэг. Энэ мэт төрийн мөнгийг үнэгүйдүүлдэг хүмүүс байна. Жишээлбэл, Хөгжлийн банк. Зээл авчихаад нэг ч удаа төлбөрөө төлөөгүй хүн байна. Төл гэхээр шүүхэд өг гэдэг. Шүүхэд шилжүүлэх нь тэдний хувьд олз юм шиг байна.
Авсан зээлээсээ хэсгийг нь авлигачдад өгөөд хэргээс мултардаг. Ийм жишээ бий.
Хөдөө аж ахуйн яамнаас ийм маягаар зээл авсан томоохон компаниуд олон байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас үүнийг мөнгө угаалтын схем гэж харж байна. Өнөөдрийн байдлаар мөнгө угаалтаар нэг ч хэрэг шийдэгдсэн түүхгүй. Нэг УИХ-ын буруу шийдвэрээс болж олон арван жил зарцуулах хэмжээний булингар үүссэн байна. Иргэд энэ мэт зүйлийг төртэй хамтарч хянах хэрэгтэй. Жастын Ш.Батхүү улсыг 160 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан. Үнэхээр гарын үсгийг хуурамчаар үйлдсэн юм уу. Эсвэл тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг нартай үгсэн хуйвалдсан юм уу. Хуулийнхан шалгаад шалгаад тогтоохгүй байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгах замаар хэргээс мултрах гэж байна. Энэ хүн ял завшаад бусдад түр гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө өөртөө буцаагаад авна. Бусдад шилжүүлээгүй хөрөнгөөр нь улсыг хохиролгүй болгох боломж бүрэн бий.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (3)