Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үндэсний баяр наадмын үеэр Туул голын сав газраар 8 ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийх талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан хэллээ. Тэрбээр “Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 9-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийнэ. Хүй долоо худагт галын аюулгүй байдлыг шалгалт хийнэ. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллана” гэв.
Баярын өдрүүдээр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийх бол Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос явуулын лаборатори ажиллан дээж авч шалгах аж.
Үүнээс гадна 637 автобус иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах бөгөөд Дүнжингарав болон Мишээл экспо төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэх богино эргэлтийн 3 чиглэл гаргасан байна. Ингэхдээ 20 автобус 3 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүй ажиллах юм байна.