Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нийтийн тээврийн 1226 автобусыг камержуулсан талаар нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ "Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгдэж байна. Тиймээс нийт 28 аж ахуйн нэгжийн 1226 автобусыг бүрэн камержууллаа. Автобус бүрт нийт дөрвөн камер суурилуулсан учраас бүрэн хянах боломжтой.
Нийслэлийн цагдаагийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтарч хяналтын камерын харилцааг зохицуулах журмыг тавдугаар сарын 31-нд баталсан. Энэ журамд бүх холбогдох байгууллагын үүрэг хариуцлагыг зааж өгсөн. Үүнээс өмнө нь 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулсан. Гэвч эдгээрийн 50 хувь нь эвдэрч ажиллагаагүй болсон нь шалгалтаар илэрсэн. Камержуулахад 123 сая төгрөгийн төсөв зарцуулсан. Эдгээр 1226 автобусаас 80-г нь үйлчилгээнд явж байхад онлайнаар шууд хянах боломжтой” гэв.