Баримт 1.
Ардын хувьсгалын 74 жилийн ой, 1995 оны Улсын баяр наадамд 512 бөх барилдахад дархан аварга Б.Бат-Эрдэнэ найм дахь удаагаа түрүүлж, улсын заан Д.Мөнх-Эрдэнэ гурав дахиа үзүүрлэснээр арслан цол хүртэж байлаа. Энэ жилийн наадмаар найман бөх улсын начин цол хүртсэний дунд өдгөөгийн дархан аварга Г.Өсөхбаяр долоо давснаар цэргийн арслангаас улсын заан болж байв.
Баримт 2.
Ардын хувьсгалын 75 жилийн ой, 1996 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч үзсэнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ ес дэх түрүүгээ хүртэж, Д.Мөнх-Эрдэнэ арслан дөрвөнтээ үзүүрлэв. Энэ наадмаар есөн залуу шинээр улсын начин цол хүртсэн бол залуу начин Д.Сумъяабазар заан Ц.Цэрэнпунцагаар долоо давж улсын заан болсон юм.
Баримт 3.
Ардын хувьсгалын 76 жилийн ой, 1997 оны Улсын баяр наадам 512 бөх барилдсанаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ арав дахь түрүүгээ хүртэж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тав дахь удаагаа үзүүрт үлдэв. Энэ жил долоон бөх улсын начин цол хүртсэн бол өдгөөгийн дархан аварга А.Сүхбат долоо даван заан цолны босго давав.
Баримт 4.
Ардын хувьсгалын 77 жилийн ой, 1998 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч сориход дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 дэх түрүүгээ хүртсэн бол идэр залуу заан Д.Сумъяабазар анх удаа үзүүрлэсэн юм. Найман улсын начин шинээр төрсөн энэ наадамд одоогийн улсын арслан Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн нар начин цолтны их айлд бүл нэмлээ.
Баримт 5.
Ардын хувьсгалын 78 жилийн ой, 1999 оны Улсын баяр наадам 512 бөх барилдсанаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12 дахь түрүүгээ хүртсэн бол улсын заан Д.Сумъяабазар үзүүрт шалгарсан амжилтаа батлав. Энэ наадмаар таван залуу улсын начин болж, Б.Ганбат долоо давснаар зургаан залуу зааны эрин үе эндээс эхэлсэн юм.
Баримт 6.
Ардын хувьсгалын 79 жилийн ой, 2000 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч үзсэнээс залуу заан А.Сүхбат түрүүлснээр улсын арслан болж, Б.Гантогтох заан найм даван үзүүрлэв. XXI зууны анхны наадамд найман начин цолтон мэндэлсэн бол цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ заан Б.Гантогтохыг дэмжиж үзүүрт үлдээсэн нь бөхийн хүрээнийхний анхаарлыг ихээр татсан юм.
Баримт 7.
Ардын хувьсгалын 80 жилийн ой, 2001 оны Улсын баяр наадамд хүчит 1024 бөх зодоглосноос залуу арслан А.Сүхбат 10 даван түрүүлж, шинэ зууны ууган аварга болсон. Харин дархан аварга Б.Бат-Эрдэнэ ес даван улсын наадамд анх удаа үзүүрлэлээ. Тэгш ойн жилийн энэ наадмаар 16 начин, дөрвөн заан цолтон төрсөн нь үндэсний бөхийн түүхэнд ховор үзэгдэл.
Баримт 8.
Ардын хувьсгалын 81 жилийн ой, 2002 оны Улсын баяр наадамд 512 бөх барилдахад улсын заан Г.Өсөхбаяр ес даван түрүүлснээр арслан цол хүртэж, залуу заан Б.Гантогтох хоёр дахь удаагаа үзүүрлэв. Өнөө жилийн наадмаар дөрвөн шинэ начин төрсөний дунд одоогийн улсын арслан Д.Азжаргал багтаж байлаа.
Баримт 9.
Ардын хувьсгалын 82 жилийн ой, 2003 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч үзэхэд улсын арслан Г.Өсөхбаяр түрүүлснээр аварга болж, улсын заан Д.Сумъяабазар гурав дахь удаагаа үзүүрлэв. Найман начин цолтон төрсөн энэ наадамд одоогийн аварга Г.Эрхэмбаяр, заан Д.Амгаланбаатар нар улсын цолны босгоор алхаж байлаа.
Баримт 10.
Ардын хувьсгалын 83 жилийн ой, 2004 оны Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас идэр аварга А.Сүхбат түрүүлэн далай чимэг нэмсэн бол улсын заан Б.Гантогтох гурав дахь удаагаа үзүүрлэж, гарьд цолтон болов. Энэ жилийн наадмаар есөн начин цолтон төрсөн бол шинээр бүртгэсэн харцага цолыг хүртсэн Л.Пүрэвжав дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяснаар шуугиан тарьсан юм.
Баримт 11.
Ардын хувьсгалын 84 жилийн ой, 2005 оны Улсын баяр наадмаар 512 бөх хүч үзнээс аварга Г.Өсөхбаяр түрүүлснээр “далай” чимэг нэмсэн бол гарьд Д.Сумъяабазар дөрөв дэх удаагаа үзүүрт үлдэв. Энэ жилийн наадмаар таван улсын шинэ цолтон төрсөн бол одоогийн улсын арслан Х.Мөнхбаатар, заан Ц.Мягмарсүрэн нар аваргуудаар заан цол хүртлээ.
Баримт 12.
Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой, 2006 оны Улсын баяр наадмаар 1024 бөх барилдсанаас гарьд Д.Сумъабазар арав даван түрүүлэн аварга цол хүртэж, үзүүрлэсэн улсын начин Д.Азжаргал арслан цол хүртлээ. Өнөө жил найман улсын начин, хоёр заан цолтон төрсөн бол гол дуулиан нь далай аварга А.Сүхбат ид залуу насандаа зодог тайлсан явдал байв.
Баримт 13.
Ардын хувьсгалын 86 жилийн ой, 2007 оны Улсын баяр наадмаар 512 бөх хүч үзсэнээс заан Х.Мөнхбаатар ес даван түрүүлж арслан, үзүүрлэсэн И.Доржсамбуу гарьд цолны болзол хангав. Энэ жилийн наадмаар найман улсын начин төрсөн бол Б.Сайнбаяр нутгийн аварга Д.Сумъабазараар долоо давж заан боллоо.
Баримт 14.
Ардын хувьсгалын 87 жилийн ой, 2008 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч барилдахад өсөх идэр начин Д.Ганхуяг ес даван түрүүлснээр арслан, харцага Н.Ганбаатар үзүүрлэснээр гарьд цол хүртэв. Дөрвөн улсын начин төрсөн энэ наадмын долоогийн даваанд аймгийн арслан Б.Соронзонболд далай аварга Г.Өсөхбаяраар заан болсон нь хамгийн онцлох барилдаан байлаа.
Баримт 15.
Ардын хувьсгалын 88 жилийн ой, 2009 оны Улсын баяр наадамд хүчит 512 бөх хүч үзсэнээс далай аварга Г.Өсөхбаяр ес даван түрүүлж, даян аварга болсон бол арслан Д.Ганхуяг цолондоо эзэн болохоо баталж үзүүрт шалгарав. Таван шинэ начин төрсөн энэ наадмаар улсын начин М.Өсөхбаяр улсын заан цолонд хүрлээ
Баримт 16.
Ардын хувьсгалын 89 жилийн ой, 2010 оны Улсын баяр наадмаар 512 бөх барилдсанаас улсын заан Б.Ганбат түрүүлж, арслан болсон. Харин даян аварга Г.Өсөхбаяр анх удаагаа улсын наадамд үзүүрлэлээ. Энэ жил дөрвөн бөх улсын начин болсон бол одоогийн аварга С.Мөнхбат харцага цолонд хүрчээ.
Баримт 17.
Ардын хувьсгалын 90 жилийн ой, 2011 оны наадамд 1024 бөх хүч сорих барилдахад улсын харцага С.Мөнхбат арав даван түрүүлж, аварга цол авсан бол өсөх идэр начин Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэж, улсын арслан болов. 15 улсын начин энэ наадмаар мэндэлсэн бол одоогийн аварга Ч.Санжаадамба цэргийн арслангаас улсын заан цол руу дэвшлээ.
Баримт 18.
Ардын хувьсгалын 91 жилийн ой, 2012 оны Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас аймгийн арслан П.Бүрэнтөгс ес даван түрүүлж, арслан цолтон болов. Харин хашир заан Д.Рагчаа үзүүрлэснээр гарьд цол хүртлээ. Шинээр дөрвөн начин төрсний дунд одоогийн арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан нар ид гарч ирж байгаа нь энэ.
Баримт 19.
Ардын хувьсгалын 92 жилийн ой, 2013 оны Улсын баяр наадамд 512 бөх зодоглоход улсын арслан Г.Эрхэмбаяр түрүү бөхөөр тодорч, аварга цолонд хүрлээ. Харин үзүүрлэсэн улсын начин Б.Гончигдамба Завхан нутгаас төрсөн гурав дахь гарьд болов. Энэ наадмаар таван бөх шинээр улсын начин болсон бөгөөд заан цол хүртсэн Б.Батмөнх түрүү бөхөөр нэрлэгдэж байсан олон хүчтэнийг хаяснаар наадмын тааварыг эвдлээ.
Баримт 20.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, 2014 оны Улсын баяр наадамд 512 бөх хүч үзсэнээс улсын харцага Н.Батсуурь анх удаа түрүүлснээр арслан цолоор энгэрээ мялаав. Харин үзүүрлэсэн начин Ш.Жаргалсайхан Завхан нутгаас төрсөн гарьд цолтны тоог нэгээр ахиуллаа. Гурван шинэ начин төрсөн энэ наадамд залуу начин Б.Пүрэвсайхан харцага цол руу дэвшсэн юм
Баримт 21.
Ардын хувьсгалын 94 жилийн ой, 2015 оны Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас улсын харцага Э.Оюунболд анх удаа түрүүлж, Хан хэнтий нутгийн түрүүг улам баяжуулаа. Харин үзүүрлэсэн улсын арслан П.Бүрэнтөгс ижил цолтнуудынхаа магнайд эрэмбэлэгдэх болов. Найман улсын шинэ начин төрсөн энэ наадмын хамгийн гол дуулиан нь начин Н.Батзаяа өнгөрсөн жилийн түрүү бөхөөр харцага цол авсан явдал.
Баримт 22.
Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 95 жилийн ой, 2016 оны Улсын баяр наадамд 1024 бөх зодоглоход улсын заан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, Монгол бөхийн манлай цолонд хүрлээ. Түүний нутгийн бөх өсөх идэр начин Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэснээр арслан болов. Өнөө жил 17 бөх улсын начин цол хүртсэн бол Б.Пүрэвсайхан заан цолыг “гуйж биш гуядаж” хүртлээ.
Баримт 23.
Ардын хувьсгалын 96 жилийн ой, 2017 оны Улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдсанаас улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, арслан цол хүртлээ. Харин харцага Ө.Бат-Орших үзүүрлэснээр Увс нутгаас төрсөн хоёр дахь гарьд болов. Шинээр улсын начин цолыг найман бөх хүртсэн бол заан цолыг хоёр бөх хүртлээ.
Баримт 24.
Ардын хувьсгалын 97 жилийн ой, 2018 оны Улсын баяр наадмаар хүчит 512 бөх зодоглоход улсын арслан Н.Батсуурь түрүүлснээр Увс нутгаас төрсөн дөрөв дэх аварга болов. Тэгвэл үзүүрлэсэн аварга Ч.Санжаадамба чимэг нэмж, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын дээр эрэмбэлэгдэх боллоо. Найман шинэ начин цолтон энэ наадмаас төрсөн бол гурван бөх улсын харцага болов.
Сэтгэгдэл (7)