Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай эрчимтэй яригдаж буй энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн нь нийгэмд дуулиан тариад байна. Нийгэмд тархсан хардлага, сэрдлэг болон АТГ-аас авсан мэдээллээр Салхитын мөнгөний уурхайтай холбогдох хээл хахуулийн хэрэгт дээрх шүүгч нар нэр холбогдсон байх магадлалтай гэх.
Хэрэв зээ, энэ нь үнэн байгаад баримтаар нотлогдвол шүүх засаглал эхээсээ адаг хүртлээ бохирдсны тод жишээ болох биз ээ. Гэвч шүүх салбарт цус сэлбэх гэсэн Ерөнхийлөгчийн санаархал эцэстээ гэм зэмгүй нэгнийг хэлмэгдүүлсэн байх вий гэсэн болгоомжлол төрүүлэхэд хүргээд байна. Учир нь нийслэлийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ хээл хахууль авах нь битгий хэл, хууль бус ямар ч асуудалтай нэр холбогдож үзээгүй гэдгээ илэрхийлээд АТГ болон ҮАБЗ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, өргөдөл бичсэн. Ингэхдээ өөрийнхөө нэр төрийг цэвэрлэх үүднээс шалгуулах хүсэлтэй байна. Тэр дундаа шүүгчийг шийдсэн хэргээр нь шалгах эрхгүй гэдгийг онцолсон юм. Ийнхүү Ж.Оюунтунгалаг шүүгч өөрийгөө өмгөөлж хэвлэлийн хурал зарласан бол Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн бусад шүүгчдийн хувьд ч гомдолтой байна гэдгээ илэрхийлэхээр зориг шулуудсан байна.
Тодруулбал, нэр бүхий хоёр шүүгч шүүх байгууллагын дээд шатны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлд өнөөдөр хандахаар болсон гэх мэдээлэл бий.
Гэхдээ тэдний өргөдлийг ШЕЗ хүлээж авах эсэх нь тодорхойгүй. Учир нь тус зөвлөл таван гишүүнтэй байхаас албан ёсоор хоёрхон гишүүнтэйгээр өнөөг хүртэл ажиллана байна. Бусад гишүүдийн хувьд Дээд шүүх төлөөллөө илгээгээгүй бол Давж заалдах шатны болон Анхан шатны шүүхээс тодорсон хоёр төлөөлөгчийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжлаагүй.
Яг энэ цаг үед нь дээрх 17 шүүгчийг түдгэлзүүлсэн нь санамсаргүй тохиол байв уу, эсвэл эртнээс төлөвлөсөн цус сэлбэлт байв уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч шүүгчийн эрхээ “хасуулсан” дээрх 17 шүүгч өөрсдийгөө гэмгүй гэж дуугарч эхэлбэл Ерөнхийлөгчийн оноонд сөргөөр нь нөлөөлөх нь дамжиггүй биз ээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (20)