Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн билээ. Нийгэмд эдгээр шүүгчдийг Салхитын мөнгөний ордтой холбогдох хахуулийн хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл түдгэлзүүлсэн шүүгчдийн нэг болох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. Үүнээс урьтаж түүнээс зарим асуудлыг тодруулснаа хүргэе.
-Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгчийг түдгэлзүүлсэн. Тэдний дунд таны нэр багтсан. Ерөнхийлөгч яагаад ийм зарлиг гаргасан талаар танд мэдээлэл байна уу?
-Яг үнэндээ надад ямар ч мэдээлэл алга. Би энэ оны зургадугаар сарын 6-ны өдөр Ерөнхий шүүгчээр улиран томилогдсон. Энэ зарлигыг Ерөнхийлөгч өөрөө гаргасан. 26-ны орой зарлиг гаргаж, 17 шүүгчийг түдгэлзүүлсэн гэдэг мэдээг шөнө нь мэдсэн. Маргааш нь ажил дээрээ очиход Тамгын газрын дарга надад ажлаа хүлээлгэж өгөх ёстой гэсэн ямар ч бичиг баримт өгөөгүй. Энэ хугацаанд цахим орчинд маш олон талын мэдээлэл гарсан. Ингэхээр нь "Ерөөсөө шалгуулъя" гэж шийдэж, ҮАБЗ, АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж өргөдлөө бичсэн. Баасан гарагийн өдөр өргөдлөө аваачиж өгөх гээд явж байтал АТГ-ын ажилтан байна гээд нэг хүн над руу залгасан.
Учрыг нь асуутал "Тантай уулзах хэрэгтэй байна. Та гэртээ хүрээд ир" гэсэн. Очтол нэгжлэг хийсэн. Нэгжлэг 18:30 цаг хүртэл үргэлжилсэн. Дараа нь АТГ руу хамт явж тайлбар өгсөн.
-Нэгжлэгийн үеэр ямар нэг зүйл хурааж авсан уу?
-Авсан. Байрны зээл төлсөн баримт зэргийг авсан.
-АТГ-аас таниас чухам юу асуусан бэ. Хэрвээ нууц биш бол?
-Энэ талын мэдээллийг задлах ёстой, үгүй гэж надад огт хэлээгүй. Хэлж болох байх гэсэн ганц, хоёр зүйлийг л хэлье. Нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэй хийсэн. Энэ тогтоолд Б.Жаргалангийн хэрэгт холбогдуулан гээд миний нэр байхгүй зөвхөн гэрийн хаяг байсан. Дараа нь АТГ-аас тайлбар авахдаа Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал болон ".... энэ хэргийг шийдвэрлэхэд танд энэ хүн нөлөөлсөн үү" гэж асуусан. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн нэр бүхий шүүгчдийн дундаас нэг хүнийг нэр цохож асуусан. Ингэхдээ та үүнтэй уулзсан уу, ямар нэг холбоо бий юу гэж асуусан. Би шүүгчээр 6-7 жил ажиллаж байна. Өмнө нь багшлаж байсан. Одоо ч ажлын заваараа багшилдаг.
Хээл хахууль байтугай хууль бус ганц ч асуудалтай холбогдсон удаагүй. Итгэхгүй бол шалга. Би шалгуулахад бэлэн. Бүр шалгуулмаар байна.
-Б.Жаргалан гэж хэн юм бол. Та тэр хүнийг нь таних уу?
-Танихгүй. Мөнгөншагай гэж хүний нэхэмжлэлтэй "Жипи...." ямар билээ дээ нэг хэрэгтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр хууль зөрчсөн байна гээд манай шүүхээс хэргийг буцаасан юм билээ. Харин Дээд шүүхээс манай гаргасан шийдвэрийг буруу гэсэн шийдвэр гарсан. Хэвлэлээр миний даргалсан нэг хэргийн талаарх мэдээ гарахаар нь "Ямар хэрэг билээ" хавтаст хэргээ шалгасан нь энэ л дээ.
Гэтэл манай гаргасан магадлалыг хэвлэлийн мэдээндээ хавсаргаад мэдээлэл гарсан. Хэвлэлийн ажилтнаасаа асуухад "Асуудалгүй ээ. Монтажинд орчихсон юм байна" гэсэн. Ингээд л өнгөрсөн хэрэг.
-АТГ-аас тайлбар авахдаа таниас энэ хэргийн талаар асуусан юм уу?
-Иймэрхүү зүйл л асуусан.
-АТГ-аас нэр цохож асуусан шүүгчтэй та ямар харилцаатай юм бэ?
-Бид нэг салбарын хүмүүс. Энд тэндэх зохиогдсон сургалт, хурлын үеэр таарч мэнд мэдэхээс цааш хэтрэхгүй.
-Нэрийг нь хэлэх боломж бий юу?
-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан болох байх аа.
-Та бичсэн байсан өргөдлөө өгсөн үү?
-Өгсөн. Хавтаст хэрэгт хавсаргана гэсэн.
-Нийгэмд Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг. Тэр дундаа 125 сая ам.долларын хахуулийн хэрэгт нэр холбогдсон шүүгч нарыг түдгэлзүүлсэн гэсэн ойлголт тархсан. Та шүүгчээр цөөнгүй жил ажилласан. Хөрөнгө орлогын мэдүүлэг ил байгаа нь ойлгомжтой. Гэхдээ яг өөрийнхөө амаар "Би ийм хөрөнгөтэй" гэдгээ хэлэх боломжтой юу?
-Бололгүй яах вэ. Найман хувийн зээлээр авсан 71 мк орон сууцтай. Нисэхэд нэг өрөө байр бий. Олон жил унаж байгаа RAW4 автомашинтай. Нөхөр маань хуульч мэргэжилтэй. Хадам аав нэг хувийн сургуультай байсан. Гэхдээ санхүү надаас хол. Миний хувь байхгүй. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Бусад шүүгчийг би төлөөлж ярих эрхгүй. Яасан ийсэн гэдгийг би мэдэхгүй.
Би бол хахууль авсан удаагүй. Албан тушаал улирч сонгогдоод 20 хоносон. Би өөрөө өөрийгөө томилоогүй.
Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Үнэхээр шүүгч нар ямар нэг асуудалтай нэр холбогдсон бол шалгах нь зөв. Чөлөөлөх нь зөв. Харин албан тушаал булаах гэж ийм арга хэрэглэж байгаа бол надад харамсалтай байна.
Г.Нацаг-Эрдэнэ