Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд зарлиг гаргаж, нийт 17 шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн эл шийдвэрийн дараагаар АТГ-аас Улсын Дээд шүүхийн нэр бүхий шүүгчийг ажил дээр нь саатуулж, улмаар яг одоо мэдүүлэг авч байна. Тэгвэл чөлөөлөгдсөн 17 шүүгчийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийсэн байна.
Энэ үеэр зарим нотлох баримтыг хурааж, биежүүлсэн талаар эх сурвалж дурдлаа.
Яг одоо АТГ-д Д.Цолмон, Х.Сонинбаяр нарын дөрвөн шүүгч байцаалт өгч байгаа бол бусад шүүгчдээс мөн адил мэдүүлэг авах юм байна. Түүнчлэн дээрх дөрвөн шүүгчийг цагдан хорихоор прокурорт хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл бий.
Одоогоос хэдэн сарын өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шүүгч асан Л.Бямбааг цагдан хорьсон юм. Гэвч тэрбээр Урьдчилан хорих 461 дүгээр ангид амиа алдсан. Үүний дараа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн асуудал сөхөгдөж, бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах тухай яригдсан ч нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Гэхдээ дээрх зургаан шүүгчийн үндэслэлгүй хөрөнгжсөн гэх асуудлыг орхигдуулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгааг өөр нэгэн эх сурвалж дурдсан юм.
Тэгвэл үүний дараа Салхитын мөнгөний ордтой холбогдох 125 сая ам.долларын хахуулийн хэрэг сөхөгдөж, улмаар 17 шүүгч холбоотой болох нь зарим баримтаар нотлогдож эхэлсэн бололтой. Тиймдээ ч дээрх шүүгчдийг шалгахын тулд бүрэн эрхээс нь ийн түдгэлзүүлсэн юм.
Ямартай ч шүүгч нарын гэрт хийсэн нэгжлэгийн үеэр их хэмжээний мөнгө болон зарим сэжиг бүхий нотлох баримт гарч ирсэн гэх мэдээлэл байна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (53)