“Алтан дээр суусан гуйлгачин” гэдгээрээ дэлхийд зартай монголчууд баярхуу бөгөөд бийлэгжүү зантай. Тиймдээ ч өөрсдөдөө ч ашиггүй гэрээ үзэглэн байж эх орныхоо эрдэнэсийг хил давуулсаар байгаа нь чухам үнэн юм.
Энэ үнэний гороор алт, мөнгө, зэс, нүүрс гээд газрын доорх баялаг харийн улс руу тээвэрлэгдэж буй бол өнөөдөр хөрс шороогоо хүртэл бас ачуулдаг болсон байх юм.
Учрыг тодруулбал, Дорноговь аймгийн төвөөс хэдхэн км зайд орших хятадын эзэмшлийн гэх нүүрсний уурхайгаас ухаж гаргасан шороог хятад руу тээвэрлэж байна. Тээвэрлэхдээ “Бордоо” гэсэн ганцхан үгээр халхавчилж өдөрт 1000 орчим тонн шороо тээвэрлэдэг байх юм. Хамгийн гол нь энэ шороо нь гэж нэрлээд байгаа зүйл чухам ямар ид шидтэй талаар тоймтой хэлээд тайлбарлачих, судалж шинжилсэн албаны нэг ч хүн алга. Бүдүүн баарагаар тайлбарлавал, шимт хөрс буюу зүлэг ногоо ургах боломжтой эрдэс агуулдаг хөрсийг ийнхүү хятадууд өдөрт 1000, 1000 тонноор нь тээвэрлэж байна. Ногоон байгууламжийн бүтээн байгуулалтаараа дэлхийд тэргүүлэх болсон хятадууд энэ зэргийн шимт хөрсөөр нэг их гачигддаггүй байлтай.
Гэтэл эх нутгаас минь ийн тээвэрлэж буйг бодоход ямархуу ид шидтэй болох нь тодорхой болов уу.
Юутай ч, харийнханд алт, зэс, нүүрсээ зарж иддэг байсан бол одоо шимт хөрсөө хүртэл үнэгүй бэлэглэдэг болж. Угтаа бол Монгол Улс цөлжилт нүүрлээд гамшгийн төвшинд хүрсэн. Тэр дундаа говь нутгийн дийлэнх газар нутаг энэ гамшигт өртөж, уух усгүй болж буй. Гэсэн атал мод тарьж, ган гачигаас гарахын оронд үржил шимтэй хөрсөө харийнханд ийн бэлэглэж буй нь харуусал эрхгүй төрүүлнэ. Тиймээс л Монголын нэртэй “эрдэнэс”-ийг харийнхан зөөгөөд дуусах нь. Үүнд хараа хяналт тавих эрх мэдэлтэн байна уу гэдгийг энд асууя.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (10)