Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-нд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.
Уг зарлигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэсэн” хэмээн тодотгосон байсан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “ҮАБЗ-өөс зөвлөмж хүргүүлбэл тухайн шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхэд санал хүргүүлэх шинэ хуультай болсон. Энэ хуулийн дагуу ҮАБЗ-өөс зөвлөмж ирсний дагуу санал хүргүүлсэн. ҮАБЗ-өөс ирүүлсэн зөвлөмж нь нууцын зэрэглэлтэй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “УИХ-ын ажлын албанаас бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчид Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан эсэхэд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй. Энэ сарын 26-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал яригдсан” гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна.
Тэгвэл олон нийтийн сүлжээгээр Ерөнхийлөгчөөс бүрэн эрхээсээ түтгэлзэх эрхээ хүлээж авсан 17 шүүгчийг хахуулийн хэрэгт холбогдсон гэх яриа гараад байна.
Тодруулбал, Засгийн газраас Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсны дараа нэр бүхий хүмүүсийг АТГ-аас баривчлан Урьдчилан хорих төвд саатуулсан юм. Энэ үеэр гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Эл хэргийн дараа нэр бүхий долоон шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгасан боловч нийслэлийн Прокурорын газраас хавтаст хэрэг нээх хангалттай баримт нотолгоогүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан байдаг.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “17 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь бий. Долоон шүүгч Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан. Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийгээд байсан иргэдийг хяналтад авчихсан байхад шүүгчид тэдэн рүү холбогдож, мөнгө өгөлцөж авалцаж байгаад баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зөв байх.
Хүмүүс "ҮАБЗ тийм, ийм эрхтэй болчихлоо" гээд байгаа. Яг үнэндээ энэ бол бусад улсад байдаг жишиг.
Шүүх эрх мэдлийн хариуцлага хараат бус байдал алдагдсан байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнөж байхад иргэдээс хамгийн их эсэргүүцлээ илэрхийлж байгаа асуудал шүүхийн талаар" хэмээсэн.
Харин Г.Занданшатарын галыг залгамжилсан Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрүүгийн шүүх дээр Цогт гэдэг шүүгч Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын Л.Болдын эсрэг хэргийг шүүх гэж байна.
Гэтэл энэ шүүгч нь ашиг сонирхолын зөрчилтэй байна. Учир нь энэ шүүгчийн эхнэр өмнө нь Б.Хурцтай хамтарч ажиллаж байсан хүн” гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн байсан. Тэгвэл хошууч генерал Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд болсон юм. Уг шүүх хурлаас УИХ-ын гишүүн Л.Болдыг нотлогдоогүй, үндэслэлгүй мэдээллээр бусдын нэр төрд халдаж, гутаасан байна хэмээн үзэж, уучлалт гуйхаар шийдвэрлэсэн.
Шүүх хурал өчигдөр үдээс өмнө болж, шийдвэрээ гаргасан.
Үүний дараахан Шүүхийн ерөнхий зөвлөлд ҮАБЗ-ийн зөвлөмж хүргэгдсэн байх юм. Уг зөвлөмжид Улсын Дээд шүүхээс таван шүүгчийн нэр багтсан нь Б.Хурц болон Л.Болд нарын хэрэг маргааныг шийдвэрлэсэн Хяналтын шатны Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр багтсан нь анхаарал татаж байна.
Эндээс л 125 сая ам.долларын хахуулийн хэргээр "халхавчилсан" шүүгчдийг цэвэрлэх их цэвэрлэгээ эхэлж буй бололтой. Ямартай ч Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ийнхүү биелэлээ олж, шударга ёсны жинлүүр ажиллаж эхлэж байна. Эхний ээлжинд 17 шүүгч өртсөн бол үүний араас дахин таван шүүгчийн асуудал бий гэх "шуум" байна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (30)