Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц шүүхэд хоёр дахиа ялав. Энэ дагуу түүнээс УИХ-ын гишүүн Л.Болд уучлал гуйхаар болжээ. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан... Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ. Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэсэн байна. Харин хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “УИХ-ын гишүүн Л.Болдын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлсэн ярьсан зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл биш юм. Хурал дээр тухайлан Б.Хурцыг буруутгаж, нэрийг нь дурдсан нэг ч үг хэлээгүйг анхаарна уу” гэжээ.
Улмаар “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна... Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын эсрэг хийсэн мэдээллүүдээ баримтаар нотолж чадаагүй учраас ТЕГ-ын экс даргаас уучлалт гуйхаар болжээ.
Үүнээс өмнө генерал Б.Хурц УИХ-ын Ж.Батзанданг нэр төрд нь халдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж ялалт байгуулж байсан удаатай. Хариуд нь Ж.Батзандан гишүүн “Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх мэдэхгүй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Л.Болд мөн Б.Хурцаас уучлал гуйхаар болж байна.
Сонирхолтой нь, Дээд шүүхийн шийдвэр гараад удаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг огцруулсан юм. Тэдгээрийн дунд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Г.Цагаанцоож, Х.Сонинбаяр, П.Золзаяа нарын таван хүнийг огцруулжээ. Эдгээрээс Х.Сонинбаяр нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан юм. Нэг үгээр УИХ-ын гишүүн Л.Болд тагнуулын дарга асан Б.Хурцаас уучлал гуйх шийдвэр гаргахтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс танхимын тэргүүн Х.Сонинбаярыг үүрэгт ажлаас нь огцруулах зарлиг гаргасан нь анхаарал татаж байна. Магадгүй Дээд шүүхийн Иргэний танхимаас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн толгойлдог гэх “Шударга бусын хонгил”-ын гол зуучлагч хэмээн нэрийддэг генерал Б.Хурцын талд шийдвэр гаргасан нь огцруулах зарлиг буулгах шалтгаан байсныг үгүйсгэхгүй. Үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй таван гишүүний өмнөөс генерал Б.Хурцад ийн мессеж өгчихлөө. Сануулахад Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгийг мөн Ерөнхийлөгчийн зарлигаар огцруулсан юм.
С.Гандөл
Сэтгэгдэл (72)