ЭШЛЭЛ 1
Хийморийн сан тавиуллаа. Өөрийгөө шатаалгачихлаа. Хийморийн сан тавиулсан, галын дөл өөдөө гээд л хүлээж авлаа. Галын дөл өөдөө гэснээс миний хувьд тэмдэглэлт өдөр болж байна. УИХ-ын дарга байхдаа Д.Чойжамц хамбатай ярилцаж байгаад Гандангийн сүмийг барьж эхлүүлсэн. Ажил нь дуусч байна. Азийн буддистуудын хурал болж байна. Санаа нь хоёрын хооронд юмнаас төрсөн юм. Бөхийн өргөөний хойд талд явж байсан Христийн мундаг сүм байсан. Тэгээд “Гаднынхан мөнгөөр зодоод сүм барьчихдаг. 300 гаруй жилийн түүхтэй шашин байшингүй байдаг юм” гээд Чой хамбатай ярилцсан. Тэгээд 2007 онд сүмийн ажил эхлээд өнөөдөр дуусч байна. Монголын нутагт босч байгаа хамгийн том сүм. Зонхилох шашнаа ард түмэн дэмжээсэй, нэгдмэл байгаасай гэж бодсон. Тэр ажил дуусахаас хоёр хоногийн өмнө сан тавиуллаа.
ЭШЛЭЛ 2.
Энэ улс маш эгзэгтэй үедээ байна. 1990 оноос хойш 30-аад жил болж байна. Цаашаа хаашаа явах уу. Зөв явж чадах уу. 30 гаруй мянган хүний жагсаал боллоо гээд шуугиад байна. Энэ бол шударга ёсны төлөөх хувьсгал болсон. Миний харж байгаагаар. 2016 оны сонгуульд орохдоо Б.Ганчимэг нэг ярилцлага өгсөн юм. “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна даа” гэдэг гарчигтай. Тэр үед болж байсан ялзрал, хүнийг тамладаг байсан явдлыг бодож хэлсэн үг. 2016 оны сонгуульд МАН 65 суудал авсан. Есдүгээр сард нь дарга нар нь дарга, гишүүд нь гишүүн болсныхоо баярыг тэмдэглээд явж байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар хэвлэлийн хурал хийгээд явж байсан. Ерөнхийдөө цааш ингэж явж болохгүй гэсэн санаа байсан юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасны дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хамтрахыг Бага хурлын үеэр би ганцаараа эсэргүүцсэн байдаг юм. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиглагдсан нэг зүйл нь хууль хяналтын байгууллага улс төрийн байгууллага болсон нь дэндүү ойлгомжтой болсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод прокурор, АТГ-ын даргыг хоёр жилийн дотор хөөж явуулсан. 2012 онд Н.Энхбаярыг шоронд хийсэн нь нийгмийг айдаст автуулсан. Н.Энхбаярыг намайг шоронд оруулаад өг гэж хоёр удаа орж ирсэн гэж худлаа ярьсан. Яг үнэндээ МАХН-ыг байгуулсныг нь эсэргүүцэж тэрийгээ татан буулга гэж орсон юм. Тэрүүгээр далимдуулж Н.Энхбаяраар тоглочихсон. Хулгайлж авсан намынх нь нэрийг бүртгэж авчихаад, биеийг нь шоронд хийсэн.
ЭШЛЭЛ 3.
Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хуулийн байгууллагыг цэвэр ашигласан. Н.Энхбаярыг “Сайд нарын 2”-т авчирч хэвтүүлж байгаад Н.Удвал гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн. Гэмийг нь цайруулна гэж худлаа хэлээд Н.Удвалыг нэр дэвшүүлсэн. Хоёрдугаарт, Ё.Отгонбаярын эхнэр 328 сая.долларын данстай гэж хэлээд шоронд хийчихсэн. Б.Бат-Эрдэнийг унагах гэж хийсэн акц. М.Энхболд, Ё.Отгонбаяр хоёр дуугарч өгдөггүй. Би өөрөө гарсан. Монголд 328 сая доллартай эхнэр байтугай банк байхгүй гэсэн. Нөгөөдөр нь 36 данстай болгож хувиргаад Б.Бат-Эрдэнийг 30 мянган хүний саналаар ялсан. ИЗНН нэр дэвшүүлэх эрхтэй байсан ч С.Дэмбэрэл дээр хэрэг үүсгээд хаасан. Ингэж хууль хяналтын байгууллагыг улс төрийн тэмцлийн зэвсэг болгосон.
ЭШЛЭЛ 4.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод хоёр удаагийн сонгуулийн штабыг нь ахалсан Н.Алтанхуягаа унагах операцийг эхлүүлсэн. “Давхар дээл” гэдгээр. Тэрийг нь эсэргүүцээд Н.Алтанхуягийг баярлуулж л байсан. Тэгж явсаар байгаад 2014 онд Н.Алтанхуягийг унагасан. Тэгж байж манайхтай хавсайдаж хуйвалдаанаа хийсэн. МАНАН чинь ингэж л хавтгайрсан.
ЭШЛЭЛ 5.
2016 оны гуравдугаар сард Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц хоёрт нууц захидал бичиж байсан. Энэ хэрэгт алдаа гарах нөхцөл их байна. Юмаа сайн хараарай гэж. Мэргэжлийн үүднээс сонирхоод байсан юм. Энэ хэрэгт холбогдуулж хаа хамаагүй гурван хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, 16 настай байсан хүнийг аваачаад хорьчихсон юм. Тэгсэн мөртлөө захиалгаар гээд шалгаад байдаг. Тэнэг биш л бол тийм дайны хүмүүс захиалахгүй шүү дээ. Надад хоёр зам л байсан. Нэг бол 65 дотроо чимээгүй сайхан амьдрах, амиа бодох. Тэгвэл надад өлзийтэй. Хоёр дахь нь сөрөх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан биз. Болох болохгүй байсан сөрөөд үзье гэсэн. Тэр үед Ц.Элбэгдорж ид хүчээ авчихсан, М.Энхболд УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байсан. Цаашлаад прокурор, тагнуул, цагдаа бүгдийнх нь эсрэг босч байгаагаас өөрцгүй байсан. Эсэргүү ажлаа эхлүүлсэн. Эхэлж Эрдэнэтийг ярьсан. Засах юм байх засаагүй. Судлаад үзсэн манайхан өөрсдөө энэ асуудалтай орооцолдчихсон байсан. Нарийндаа бол АН-ын Ц.Элбэгдорж тэргүүтэй МҮДН-ын фракц гэж байдаг. Голдуу эдийн засагчид. Да.Ганболдоос эхлээд одоогийн Д.Эрдэнэт гээд. Дээрээс нь манай хот тойрсон хүмүүс нийлчихсэн. Ингээд хуйвалдчихсан учраас тэмцсэн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргыг сольдог нь ийм учиртай.
ЭШЛЭЛ 6.
Эрдэнэтийн 49 хувийн хэрэг прокуророос зүйлчлэгдэхээр бэлтгэж байгаа юм билээ. Олон хүн хамрагдана. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн найман хүний асуудал шүүхэд шилжиж байгаа. Энэ бүгд гараад ирэхээр бүлэглэл амь тавьдаг юм байгаа биз дээ. Гэхдээ энэ бүгдийг их шорон аргаар хийж байна. С.Эрдэнэ АН-ын дарга. Шоронгийн арга барил нэлээд сурчихсан. Долоо найман жил ял эдэлчихсэн хүн. Угаасаа натур нь тийм. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар зохион байгуулж байгаа жагсаал. Зөвшөөрөл аваагүй, хууль зөрчиж хийж байгаа юм. Хууль номоороо бүртгэгдэж байж хийдэг жагсаал. Үүнийг С.Эрдэнэ өөрөө хийсэн. Чадвал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүхлээр нь, чадахгүй бол намайг дарж унагаах зорилготой. Яагаад над руу хандаад байгаа юм гэхээр эдний хийсэн хоёр том луйвар дээр хамгийн том дуугарч, хөөцөлдсөн хүн нь би. Ж.Батзандан нар бол надаас хойно дуугарсан. Гэхдээ яалт ч үгүй хань болсон хүн нь бас Ж.Батзандан.
ЭШЛЭЛ 7.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад эрүүдэн шүүсэн асуудал мөрдөн байцаалтын шатанд яваа учраас хамаагүй задалж болохгүй байна. Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргасан асуудлын хүрээнд зарим бичлэг үзүүлж байгаа. Наад асуудал чинь 2013 оноос эхэлсэн ажил. 2013 оны наймдугаар сараас эхэлж Авлигатай тэмцэх газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар дээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан. Эрдэнэт бол Монголын 2200 жилийн түүхэнд гараагүй луйвар. Хоёрдугаарт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн процесс нь сүүлийн 70 жилийн түүхэнд гараагүй ялзрал. Энэ бол санаандгүй, санамсаргүй зүйл биш. Гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийгээд хэргийг хаах захиалгат ажиллагаа байсан юм. Бүр зохиол бичсэн. Асар их хүч хаясан. АТГ, прокурор, шүүх, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр зэрэг зургаан хуулийн байгууллагыг оролцуулж байгаад хийсэн. Хэрэг шийдвэрлэх явцад том дарга нарын амнаас сонин үг гарсан. “Хэргийг ингэж шийдвэрлэсэнд Бат-Үүл баярлах хэрэгтэй” гэж Ц.Элбэгдорж хэлсэн. Бат-Үүлд ямар хамаа байна. Бат-Үүл энэ хэрэгт долоо хоногт яллагдагчаар татагдсан. Тэгсэн хэргийг шийдсэний дараа “Энэ хэргийг ингэж шийдвэрлэсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ, жишээ нь. Над руу дайраад байдаг нь ийм гол хоёр асуудлаар эсэргүү болсон учраас.
ЭШЛЭЛ 8.
Үнэнийг хэлэхэд энэ хэрэг рүү ойртдоггүй байсан юм. Хууль зүйн сайд оролдоггүй байсан. Нууцын зэрэглэлтэй ч байсан. Цаашлаад хэрэгт холбогдуулж манай намынхныг харддаг байсан. Н.Багабанди, Ш.Отгонбилэг, С.Баяр гээд. Ямар нэгэн байдлаар сонирхоод эхэлбэл намайг хаах гэж байна хардана биз дээ. Сая гэмгүй хүмүүсийг яргалаад эхлэхээр нь судалж эхэлсэн юм. Гол нь яаж шийдэх бол гэдэг талаас нь. Тэгэхдээ хоёр юмыг сонирхсон. Нэгдүгээрт, хэн шалгаж байгаа юм. Тэгсэн нэг нь дүрслэх урлагийн дунд төгссөн, нөгөөх нь мэргэн буудагч байсан. Сая шалгагдаад гарав аа. Тэрийг нь Б.Хурцаас асууж байсан юм шүү. Хоёрдугаарт, Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан байдаг. Гуравдугаарт, 300 гаруй мессеж байна.
ЭШЛЭЛ 9.
Хуулийнхан надад хэлнэ шүү дээ. Энд завхрал явагдаад байна, сайд аа гэж. Ц.Амгаланбаатар гэж нөхөр шоронд байхдаа Т.Чимгээ рүү 2014 оноос 30 гаруй мессеж бичсэн байдаг юм. Тэгэхээр нь ялтнаас ирсэн мессежийг нь хорих ангийн даргад нь аваачиж өгсөн юм билээ. Б.Содномдаржаа руу явуулсан 260 гаруй мессежийг нь Эрдэнэтийн Ганпүрэв гээд цагдаад аваачиж өгсөн байдаг. Сүүлд ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат хурааж аваад хотын прокурор дээр нуучихсан байсан. Тэр мессеж доторх бичилт айхтар. Мессежэд дурдагдсан бүх хүн ял авсан.
ЭШЛЭЛ 10.
Хамгийн сонирхолтой нь, эрэгтэй, эмэгтэй масктай хоёр хүн амь насыг нь хороосон гэж шалгагдсан. Амиа алдсан орой нь тагнуулын дарга, сүүлд АТГ-ын дарга байсан Н.Ганболд, АН-ын дарга С.Эрдэнэ хоёр эхний 10-т багтах хүний тоонд гэрээр нь ороод гарсан. Хэргийн газарт гэсэн үг. Будлиантуулсан ажлыг тэр хоёр хийсэн гэсэн үг. Тэгэхэд дөрвийг шийтгэсэн. Яахаараа хоёр хүн дөрөв болдог юм. Булган хоёр хүн гэж хэлсэн. Булганыг яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Шалгах юмсан гэдэг хорхой надад хөдлөөд байгаа юм. Даанч Хуулийн сайд оролцож болдоггүй. Одоо бол эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гээд явж байгаа. Удахгүй шүүхээр орох байх.
ЭШЛЭЛ 11.
Хэрвээ би ерөнхий прокурор, шүүгч байсан бол шууд эсэргүүцэл бичээд суллана. Хуульд тэр эрх нь байна, бид нарт. Нэг өдрийн дотор шийдэх хуулийн бололцоо байна. Гол нь хийхгүй байна. Прокуророос Дээд шүүх рүү санал явуулаад ес хонож байна. Магадгүй тэнд хуйвалдаан явж байгааг үгүйсгэхгүй.
ЭШЛЭЛ 12.
Гурван том даргад шүүх, прокуророо нэг тийшээ болго гэсэн эрх өгөв өө. Гэтэл тэд ч санаачилга гаргахгүй байна. Би шулуухан хэлж байгаа. Эд нарыг явуул гэж. Шунахаас сэдлээр хүн алсан гэж шийтгэчихээд захиалагчгүй хэргийг шийдсэн юм. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Цогт гэж шүүгч бий. Тэр хүн хэргийг Дээд шүүхэд илтгэснийхээ дараа шагнал болгож танхимын дарга болсон. Эхнэр нь тагнуулд ажиллаж байна. Тэгээд бод доо. Хонгилын шүүгч гэдэг чинь энэ. Ийм юмтай тэмцээд байгаа учраас хүний дургүйг хүргэж байна. Айлган сүрдүүлэх замаар намайг ороож байгаа шүү. Тагнуул, прокурор хавиас. 1937 он сэргэх үү гэдэг би хариулт өгөх гээд байгаа юм. Би бол сэргэх ёсгүй гэж бодож байна. Эд нар болохоор сэргээх ёстой гээд байгаа юм. Тэмцэл яваад байна.
ЭШЛЭЛ 13.
АН, МАН-д шингэсэн хэдэн мөнгөнд дуртай нөхдүүдийн ивээлд багтдаг хүн Монголын хамгийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүй хамж байдаг юм. Энэ бүгдийг нь ярихаар дайрч байна. Хамгийн сүүлд Анхааг Элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэж дарамталсан байна гэсэн мэдээ явж байна лээ. Хаана ч, хэнд ч тийм юм яриагүй. Нарийн яривал Анхаагийн талаар Д.Цогтбаатартай ч яриагүй. Огт яриагүй. Сайд нь өөрөө 10 гаруй Элчин сайд томилох шаардлага гарчихаад, яамнаасаа нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсээ судалсан юм билээ. Тэрний нэг нь миний хүү Анхаа.
ЭШЛЭЛ 14.
Энэ бол өнөөдөр эхэлж байгаа дайралт биш. Бүр 2017 оны нэгдүгээр сараас миний бага хүүхдийн компанийн мэдээллийг олж авсан юм билээ. Тэр байтугай бага бэрийн бурхны оронд очоод удаж байгаа хүмүүсийн байрыг хүртэл судалсан байна лээ. Надаас нэг юм гаргах гээд байгаа юм. 2018 онд Х.Бат-Ялалт гэж нөхрөөр дамжуулж тагнуул, АТГ-ынхан хөдөлсөн. Дотроос нь мэдээлэл гаргаж өгөөд Х.Бат-Ялалтын автобусанд наагаад бүтэн жил явуулсан. УИХ дахь төлөөллөөрөө дамжуулж над руу дайрсан. Сая бол хүйсийг нь сольж байгаа юм.
ЭШЛЭЛ 15.
Хүссэн юм олдохгүй болохоор хүүхэд рүү орж байна. 2018 оны Цагаан сарын битүүний орой яргалал үйлдсэн ажлын хэсгийнхэн прокурорын зарлан дуудах хуудас манай гэр рүү явуулаад эхнэр ганцаараа байхад нь өгсөн байгаа юм. Орой нь очсон манай эхнэр бараг харвачих шахсан байсан. Би үүнийг тоохгүй. Намайг юу ч зогсоож чадахгүй.
ЭШЛЭЛ 16.
О.Дашбалбар бид хоёр нэг ширээнд суудаг байсан. Доромжил, доромжил, доромжлох тусам чинь долоон бурхан шиг өнгө орно гэж шүлэг байдаг байх аа. Иймэрхүү юмнаас айх үе өнгөрөөд удаж байна. Их сонин хувь тавилантай хүн л дээ, би. 2000 онд сайд болоход эрүүгийнхэн дийлдэхээ болчихсон байсан. Энийг дарах хувь тавилан надтай тохиосон. Одоо тэр нь хөгжөөд мафи болсон байна.
ЭШЛЭЛ 17.
Аажуухан ч гэсэн ажил явж байна. Удахгүй нурна. Нурааж байж санаа амарна. Ц.Элбэгдоржийн буюу Сталины дэглэмийг нурааж байж санаа амарна гэдгээ ч хэлчихсэн хүн. Одоогийн Ерөнхийлөгч яаж ажиллахыг нь хараад л сууж байна. Томилогдсон хүмүүс нь яаж ажиллах юм бол. Жишээ нь, яргалсан хэрэг Дээд шүүхэд очоод ес хонож байгаа нь аюул. Систем нь сүлжээний шүүхэд яаж өгөх үү гэсэн хуйвалдаанаа хийж байгаа.
ЭШЛЭЛ 18.
Энэ парламентад МАНАН-гийн төлөөлөл байгаа. С.Эрдэнээс эхлээд зөндөө. Ардын намаас ч байна. Улаан цайм хамгаалдаг байхгүй юу. Тэр үүднээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд орчихсон юм. Нэг юм хэлье, би эх орноо л бодно. Эцсийн цэг дээр очоод эх орноо бодох уу, дарга аа юу гэвэл эх орноо л гэж хэлнэ. Ерөнхий сайдыг огцруулж байхад нүүрэн дээр нь хэлж байгаад гарын үсгээ зурсан.
ЭШЛЭЛ 19.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үнэн. Хууль бус юм болгоныг нь би дөнгөлж байсан. Эрдэнэт, хуулийн байгууллагыг мафи болгоход нь, С.Зоригийн хэргийг ингэж шийдвэрлүүлэхэд гэх зэргээр. Төр, хууль хяналт, мөнгө гурав нэгдэхээрээ мафи болдог. Гэхдээ Монголд мафи байхгүй ёсгүй. Мафийн дэглэмийг нураах хэрэгтэй. Эд нар намайг огцор гээд байгаа юм. Би хэзээ ч өргөдөл гаргахгүй. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь албан ёсоор шийдвэрээ гаргавал гаргана биз. Миний хийж байгаа тэмцлийн үр дүн гарна. Би явсан ч гарна. Ард түмэн үүнийг нь ойлгочихлоо. Ингээд л боллоо. Ойрын 30 жилд Монголд яргалал гарахгүй байх аа.
ЭШЛЭЛ 20.
Миний хүчтэй, хүчгүйн тухай асуудал биш. Ард түмэн ялна гэж хэлсэн дээ. Ялж л байгаа биз дээ. Эхэлж намайг дуугарахад залуу гишүүд гайхдаг байсан. Би чинь муушиг тоглож байгаа юм шиг зүйл рүү орсон хүн. Дэмжлэг авах, авахгүй байх хувилбар байсан. Ерөнхий өнгийг нь харсан. Толбогүй шинэ залуучууд УИХ-д орж ирлээ. Эрдэнэтийг дэмжсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж дэмжсэн. Одоо энэ Х.Баттулга Ерөнхийлөгч хүртэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж намайг юм хэлэхээр итгэдэггүй байсан. Итгүүлэхийн тулд гурван жил болсон юм шүү. Бичлэг үзчихээд нээрээ тийм байна гэж байгаа юм.
ЭШЛЭЛ 21.
2000 оноос хойш намайг сайд хийсэн гэдэг. Сайдаар ажиллахдаа хоёр, гуравхан том юм хийсэн. Бүх цагдааг байртай болгосон. 327 сумын хэсгийн төлөөлөгч айлд амьдардаг байсан. Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газрын барилга, сургуулийг шинээр бариулсан. Бүх хорихын байрыг шинээр бариулсан. 25 хорих байр байгаа. 23 нь шинэ байртай. Бүгд нэг стандартынх. Хүн яргалах аргагүй бүгд камертай. Давхар хянаж байдаг. Төв аймгийн хориход камер байрлуулаад яргалсан нь өөрсдөө хараад сууж байсан юм. Хоёрдугаарт давхарт нь өөрсдөө хараад суучихсан богино холбоогоор одоо тэг, ингэ гээд л.
ЭШЛЭЛ 22.
20, 30 жил надтай ноцолдлоо. Юм олохгүй байгаа биз. 1996 оны сүүлчээр тагнуулаас тагнаж, чагнах үйл ажиллагаа явагдсан юм. П.Жасрай гуай эд нарыг. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Ардын намынхныг гэсэн үг. Тэрийг нь шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би орсон юм. О.Дашбалбар, С.Зориг, Одонбаатар орсон. Гол ажлыг нь би хийсэн. Тагнуулын дарга ажлаа өгдөг нь тийм учиртай. Тэрнээс хойш тагнуулынхан надад өс санасан.
ЭШЛЭЛ 23.
Би гурван Ерөнхийлөгч үед гурван нэр авсан хүн. Н.Багабандийн үед Хятадын тагнуул болсон. 2000 онд сайд болохдоо бүр тагнуул гэдэг нэртэй болчихсон байсан. Энэ тагнуулыг цаашаа тавьж болохүй гээд Н.Багабандийн зөвлөх нь операци зохион байгуулаад бүтэлгүйтсэн. Дараа нь Н.Энхбаярын элдэв юмыг эсэргүүцсэн. Монголбанкинд явуулж байсан хуйвалдааныг нь. Тэгсэн орондоо хууль засдаг гэсэн шагнал хүртсэн. Ц.Элбэгдоржийн үед “Мэнгэтэй дөнгө”. Ингээд гурвуулангаас нь нэр авсан хүн.
ЭШЛЭЛ 24.
Төрийн ордонд хүн амь насаа алдсан асуудлаар шалгалт явсан. Тэр орой би ордонд байсан. Цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын дарга нь байсан. Байдаг бүх хүнээ тавиад сайн шалга гэсэн. Дүгнэлт гарсан гэдгийг надад танилцуулсан. Эцсийн дүндээ яг юу болсныг нь олон нийтэд танилцуулна. Цагдаагийн байгууллага нь прокурортойгоо нийлж байгаад танилцуулах байх. Хүний зовлон дээр улс төрийн оноо цуглуулах гэсэн юм хийцгээх юм. Үүнд эмзэглээд байгаа юм. Тэр хүний ар гэрийнхэн бөөн шаналан байгаа. Тийм байхад нь тэднийг нэмж үймүүлээд хэрэггүй. Хуулийн байгууллагаас яг байгаагаар нь танилцуулаарай гэдгийг хэлсэн. Парламентын ордонд ардчилсан улс гэдэг утгаараа камер байдаггүй юм билээ. Яагаад гэж асуусан парламентын ордон нээлттэй учраас камер байдаггүй гэсэн хариу өгсөн. Би талийгаачийг маш сайн мэднэ. Ам зөрж үзээгүй АН-ын гишүүдийн нэг нь. Ёстой харамсалтай юм боллоо.
Сэтгэгдэл (123)