Сонгинохайрхан дүүргийн АН-ын дүүргийн намын хорооны гишүүдийн ээлжит хурал “Royal house”-д боллоо. Энэ үеэр АН мандаттай зарим гишүүдээ оруулахгүй, хөөснөөс үүдэн маргаан, тэмцэл өрнөсөн юм. Яагаад хуралд намын гүшүүдийг ялгавартай хандаж байгааг асуусан гишүүдийг хөөж тууснаас болж АН-ын гишүүдийн дунд үл ойлголцол болсон нь энэ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг зүй бус үндэслэлээр намаас хөөснийг тус намыг гишүүд энэ үеэр эсэргүүцсэн юм. Тодруулбал, М.Чинболд нь АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг муулсан мэдээнд лайк дарснаас болж түүнийг намаасаа хөөсөн аж.
Энэ талаар М.Чинболдоос тодруулахад “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо хуралдаж байна. Үүнийг намын хорооны эрхэм гишүүд эсэргүүцэж байна. Учир нь дүрмийн бусаар үүрэг гүйцэтгэгч гэгч хүн тавьчихаад Сонгинохайрхан дүүргийн АН-ыг С.Эрдэнэ гэдэг хүн самар ч дууслаа. Өөрийг нь муулсан мэдээн дээр лайк дарлаа гэж бүх гишүүдээс буюу 7000 гишүүнээс сонгогдсон даргыг намаас хөөсөн. Оронд нь Говь-Алтай аймгаас сонгогдож байсан С.Бямбацогтын баз Д.Батцогт гэдэг хүнийг томилсон. Өнөөдрийн байдлаар намын хорооны 43 гишүүнийг намаас хөөсөн. Үүнийг нь үнэндээ ойлгохгүй байна. АН-д дүрэм журам гэж алга. Ширэнгийн хууль л үйлчилж байна. Өнөөдөр шударга зүйл гэж алга. Намын нэр хүнд шалдаа буусныг бүгд мэднэ. Бид энэ байдлыг тэвчээд сууж чадахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй эцсээ хүртэл тэмцэх болно” гэлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн АН-ын нэгдүгээр үүрийн дарга Ш.Галбаатар “Манай үүр 2018-2019 онд Нийслэлийн тэргүүний үүр болж байлаа. Үйл ажиллагаа гээд бүх зүйл жигдэрсэн байхад Үндсэн дүрмийн хорооноос хассан. Хассан шалтгаан нь “Үнэнээ ярилаа, Д.Батцогтын эсрэг юм хэллээ. М.Чинболдыг дэмжиж лайк дарлаа ” гэж хассан. Гэхдээ энэ бүхнийхээ нэгийг нь ч нотлоогүй. Намайг АН-ын 152 үүрийн бүх дарга танина. Би өөрийн хариуцсан үүрээ хоёр жил дараалж шилдгийн шилдэг болгосон. Үндсэн дүрмээ өөрсдөө зөрчиж байна” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүргийг гүйцэтгэж буй Д.Батцогтоос энэ талаар тодруулсан юм.
Тэрбээр “АН-д болохоо байсан зүйл байхгүй. Өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Би үүнийг зарим улс төрийн хүчнээс зориуд зохион байгуулалттай хагалан бутаргах үйл ажиллагаа гэж харж байна. АН хуулийн засаглалын төлөө явдаг нам. Ингэж явж байгаа учраас нам дотроо дүрмийн засаглалыг бий болгохын тулд явах ёстой. Энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар зарим нэг бэрхшээл зовлон гарна. Хувь хүнтэй холбоотой бэрхшээл ч гардаг. АН-аас М.Чинболдыг хассан нь надтай огт хамаагүй. С.Эрдэнэ даргын шийдвэрээр намаас хассан. Надаас ямар ч хамааралгүй зүйл” хэмээн тайлбарлалаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (26)