Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад геофизикч С.Санждоржтой ярилцлаа.
-“Оюутолгой”-н ордыг нээхэд та ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Тэр дундаа хайгуулын ажлын үеэр ганцаараа компанийнхаа галыг манаж үлдэж байсан гэдгийг сонсоод “Ханбогдод үнэлж барахгүй их эрдэнэс бий” гэдэг итгэл найдвар танд байж дээ гэсэн бодол төрсөн.
-Яахав. Тийм бодол байсныг үгүйсгэхгүй. Хайгуулын ажлын үед олон ч компани хөрөнгө оруулсан. Ашиггүй юм байна гээд гарсан нь ч бий. Ашигтай гээд "шатсан" нь ч бий. Олон үйл явдал болсон л доо. Энэ бүх хугацаанд эдгээр компанийн далбаан дор ажиллаж ирсэн. Би мундагтаа галаа сахиж үлдээгүй юм шүү дээ. Ажлын байраа хадгалж үлдэх сонирхолтой байсан төдий.
-Гавьяат геологич Д.Гарамжав гуай энэ ордыг нээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнийг “Ясны геологич” гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Та олон жил хамт ажилласан юм билээ. Хамт ажиллах хугацаандаа тэр хүнээс юу сурсан бэ?
-Их зүйл сурсан, суралцсан. Зөвхөн ажил хэрэг гэлтгүй хүн ямар байх ёстой ухагдахууныг сурсан. Бид хоёр нэг гэрт долоон жил хамт амьдарсан. Бүхэл бүтэн 22 жил хамт ажиллалаа. Д.Гарамжав гуай 1967 онд геологичийн мэргэжлээр төгссөнөөс хойш мэргэжлээрээ 40 гаруй жил ажилласан хүн. Бид хоёр 1997 оны өвөл танилцаж байлаа. Тэр үед “Би тахиа жилтэй. Чи үхэр жилтэй. Хоёулаа ивээл жилтэй юм байна” гэж хэлж байлаа. Их гоё хүн байлаа. Бусадтай маргалдаж, элдэв ааш гаргахгүй. Геологийн салбараа гаргаахгүй. Зэсний судалгаа тэр дундаа газрын ховор металийн судалгаа хийж байсан. Ханбогд хайрханы хуйлралын бүтцийг судалсан. Энэ судалгааны ажил бол бүхэл бүтэн нэг шинжлэх ухааны хүрээлэнгийн хийх ажил. Тийм байхад л ганцаараа хийж дуусгачих санаатай ямар их зүтгэсэн гэж санана. Ясны геологич хүн ийм л байдаг байх гэдгийг түүнээс олж харсан. Талийгаач болохоос өмнө Юнескогийн шугмаар эко жуучлалын сав газар болгохоор хөөцөлдөж байсан. Чухам бүтсэн эсэхийг сайн мэдэхгүй юм.
-Чулуу тогшоод ганцаараа алхдаг байсан гэдгийг сонсоод их ажигч, гярхай, ажилдаа дуртай хүн байж дээ гэж бодсон.
-Тэр юу ч биш. Гэртээ хэдхэн хонохдоо “Нуруу өвдлөө” гэнэ. Ууланд гараад чулуу хайхаараа зөв зүгээр болчихно. Бид хоёр ууланд их явна. Заримдаа гүйцэгдэхгүй. Үнэгэн шогшоогоор алхвал гүйцэгдэнэ гэж гонж доо. Дээр нь зөвхөн геологийн талаар мэргэшсэн хүн биш шүү дээ. Асар өргөн мэдлэгтэй. Уран зургаас эхлээд хадны сүг зураг гээд бүх зүйлийг сонирхоно. 300 гаруй дүрс зурагтай ном хүртэл хэвлүүлсэн. Эвдэрч, хоцорсон сүм, дуганы туйрыг хүртэл сонирхож зургийг авна. Хоббигоо мэдлэг болгож ашиглана. Миний хувьд гэвэл “Өөх ч биш, булчирхай ч биш” гэдэг шиг хүн шүү дээ. Мэргэжил маань геологич биш. Гэсэн атлаа “гео”-той. Өөрөөр хэлбэл, геофизикч мэргэжилтэй. Би энэ мэргэжилдээ маш их дуртай. Яагаад гэвэл, байгалийн шинжлэх ухааны бүх салбарыг судалдаг. Тэр бүү хэл, тэсэлгээ хэрхэн хийхийг хүртэл судалж үздэг. Дээр нь радио электроник, цахилгаан соронзон гээд бүгдийг нь бага боловч судалж мэддэг. Ийм л мэргэжил.
-Дээр нь Д.Гарамжав гуайтай 22 жил хамт ажилласан гэхээр асар их туршлага хуримтлуулсан байж таарна?
-Хэлээд юу гэх вэ. “Оюутолгой” төслийн хайгуулын ажил эхлэх үед хоёулаа Өмнөговьд ирж, танилцаж байлаа. Мань хүн техникийн тал дээр ажиллахдаа тийм ч туршлагатай биш. Би болохоор гаргаахгүй. Тиймээс түүний гараар бичиж, тэмдэглэсэн судалгааны ажлыг би компютерт оруулна. Харилцаа холбоог зохицуулдаг ухаантай. Тэр үед Д.Гарамжав гуай “Чи бид хоёрыг гурил шиг нухаад нийлүүлбэл “Сүпер” хүн болох нь дээ” гээд их инээдэг байлаа.
-Та хоёр их сайн найзууд байж дээ?
-Сайн найз, сайн ах минь байсан даа. Олдсон шил архиа хүртэл хувааж ууна. Аяга хоол хийсэн ч тал талаар нь хувааж иднэ. Арай л өвөртөө орж унтаагүй хоёр доо. 22 жил хамт ажиллахдаа ам мурийсан түүхгүй. Би жолоо барина. Яаж ч хурдтай давхиж, донсолж байсан манай хүн унтаж л байна. Тэгсэн хэрнээ онгоцонд огт унтаж чаддаггүй хүн байлаа.
-1997 онд байв уу даа, гаднын хөрөнгө оруулагч нарт “Энэ Д.Гарамжав гуайн хийсэн зураглал” гэж та үзүүлээд цооног ухах зөвшөөрөл авч, Оюутолгойг нээх эхлэл тавигдсан түүхтэй гэж сонссон. Хэрвээ та тэр зургийг тухайн үед үзүүлээгүй бол эсвэл тийм санаачилга гаргаагүй бол өдийд “Оюутолгой” сураггүй байх байж дээ гэж бодсон?
-Тохиолдол нь тэгж таарсан хэрэг. Д.Гарамжав гуай гараар зурсан зүсэлтийн зургаа цүнхэндээ байнга авч явдаг байсан юм. Тухайн үед офицер бор цүнх мода болж байлаа даа. Тэр цүнхнээсээ сална гэж байхгүй. Тухайн үед өрөмдлөг хийх газрын цэгийг тавих гээд явж байсан юм. Магадгүй намайг дуудаж тэр зургийг үзүүлсэн, үзүүлээгүй хэзээ нэг цагт Д.Гарамжав гуай харуулах л байсан. Д.Гарамжав гуайн хийсэн зургийг Канадын геологич Чарли Форстерт үзүүлэхэд “Ок” гэсэн. Өөрөө ч яг тэр газарт нь цооног ухах сонирхолтой байсан юм билээ. “Сайн зураг байна. Эндээс хүдэр огтлох юм бол чиний нээлт шүү” гэж Д.Гарамжав гуайд хэлсэн. Ингэж л 150 дугаар цооногийг өрөмдөж, хүдэр огтолж, “Оюутолгой”-г нээсэн түүхтэй. Энэ нээлтийн гэрч нь би юм шүү дээ. Түүнээс биш миний оруулсан хувь нэмэр гэх зүйл юу байхав.
-Ингэхэд та яагаад геофизикийн мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Тухайн үед ямар мэргэжил эзэмшихээ өөрийн дураар сонгодоггүй байлаа. 1968 онд арван жилээ төгслөө. Манай ангийн бадриун залуу бид хоёрыг “Та хоёр өндөр биетэй юм. Геологич бол. Орос улсад хамт суралц” гэж сургуулийн захирал хэлсэн юм. Ямар үгнээс нь гарах биш. Ингэж л Эрхүүгийн Политехникийн сургуулийн геофизикийн ангийг дүүргэсэн. Уг нь нисгэгч болно гэж мөрөөддөг байсан хүүхэд шүү дээ. Машины бензин, тос үнэртэхээр гоё санагдана гэж жигтэйхэн. Гэтэл сургуулийн захирал санааг минь эргүүлсэн. Гэхдээ үүнд нэг их харамсдаггүй. Яагаад гэвэл, таван жил тоо үзнэ гээд боддоо. Энэ утгаараа тийм ч олон хүн эзэмшдэг мэргэжил биш. Бахархмааар шүү. Төгсөөд Усны аж ахуйн яаманд ажилд ортол “Мал аж ахуйг усаар хангах худаг өрөмдөх цэг олж зааж өг” гэсэн. Ингээд хэдэн залуус дагуулаад хөдөө хээрээр их явсан. Тухайн үед “Эгц цахилгаан зоондол” гэдэг аргаар хааш хаашаа 1500 метр газарт цэг тавьж, огтлолцуулдаг байлаа. Ямар аймаар том дамартай утас чирж явна гээ. Ядаж байхад говь нутгийн халууныг хэлэх үү. Эгц дээрээс нар шарна гэж жигтэйхэн. “Үүлний чигтээ яваад цэг тавиарай” гээд нөгөө хүүхдээ явуулна. Гэтэл үүлээ дагаад мурийна даа. Тэгж болохгүй шүү дээ. “Хүүе, чи” гээд орилохоор сонсохгүй. Утасныхаа үзүүрийг татаад “Ийшээ” гээд даллах чаймаа алдана. Усны суваг олох гэж ингэж л махарч явлаа. Арай хийж усны судал олоод худаг гаргана. Дараа жил очиход айл, амьтан багширчихсан байхыг харах ямар гоё гээч.
-Тэр үед яах гэж энэ мэргэжлийг сонгов оо гэж боддог байв уу?
-Ёстой үгүй. Мэргэжил хүнийг голно уу гэхээс хүн мэргэжлийг голдог юм биш. Гарын үзүүрээр хийдэг ажил хийхийг хүсвэл геологич болох хэрэггүй. Дарга хийдэг мэргэжлийг сонгох хэрэгтэй.
-Хүмүүс говийг усны хязгаарлагдмал нөөцтэй гэж ойлгодог. Гэтэл зарим эрдэмтэд “Хангалттай усны нөөц бий” гэж хэлэх юм. Энэ үнэн байж чадах уу?
-Зарим хүн аливааг сайн мэдэхгүй хэрнээ мэдэмхийрэх дуртай байдаг. Уг нь судалгаа, шинжилгээ, дүгнэлттэй ярих ёстой шүү дээ. Мэдэмхийрч ярьдаг хүмүүстэй би санал нийлдэггүй. 1990 он хүртэл Монголын 21 аймагт ажиллахдаа өрөмдлөг, судалгаа хийсэн материал надад бий. Үүнээс гадна Геологийн яамны харъяанд Газар доорх усны хайгуулын экспидиц гэж байлаа. Баянхонгор аймаг, Төв аймагт байрладаг байсан юм. Эдгээр нь томоохон суурин газрын усан хангамжийг гаргаж өгдөг байв. Тэдний хийсэн судалгааны ажил ч гэсэн Геологийн фондод бий. Энэ судалгааны материалаас үзвэл, Өмнөговь аймагт өрөмдлөг болон насостой худгийн дундаж гүн нь 80 метр. Гэтэл ус байна уу гээд хайгуул хийж өрөмдсөн цооногийн гүн нь 170 метр. Галбийн говьд ганцхан цооног өрөмдсөн нь энэ. Ядаж 100 цооног өрөмдөж үзчихээд “Говь усгүй юм байна” гэж хэлэх хэрэгтэй. 170 метрийн цаана юу байгааг мэдэх юм уу. Гэтэл бид нар усны хайгуул хийж явах үедээ Галбийн говьд 512 метр өрөмдсөн. 2004 онд шүү. Усны хайгуулд 30 сая ам.доллар зарцуулсан. Нийт 146 цооног өрөмдсөн. Өрөмдөөд чулуулгыг гаргаж ирээд үе давхаргаар нь ангилж, үзсэн. Шалгаад үзэхээр үнэхээр ус байдаг л байхгүй юу.
-Хэдэн метрийн гүнд ус байна гэсэн үг үү?
-150-400 метрийн гүнд ус байна. Одоо 400 метрийн гүнээс ус авч байна. Цаашлаад 510 метрийн гүнд ус байх магадлалтай.
-Галбийн говьд 512 метр гүнд ухсан гэхээр доошоо хэдий хэр хэмжээний нөөцтэй ус байх магадлалтайг тодорхойлсон уу?
-1990-ээд үед Галбийн говийн доорх усны ордыг Монголын геологичид биднээс өмнө нээчихсэн байсан. Бидний хийсэн ажил бол баруун, зүүн тал руу хэдэн метр сунасан байна вэ гэдгийг судалсан. Зүүн өмнөд Монголын хагарлыг дагаж тогтсон хавцал газар дор байдаг юм. Аймаар их хагаралтай чулуун хавцал л даа. Энэ хавцал дотор ус бий. Үүнээс гадна энэ хавцал руу ус цутгадаг эх сурвалж байж таарна даа. Аягатай уснаас бага багаар уувал хэсэг хугацааны дараа дуусна. Тийм үү. Тэгвэл газар дор байгаа уснаас бага зэрэг аваад зогсонгууд усны хэмжээ хэсэг хугацааны дараа эргээд түвшиндээ хүрч байна лээ. Энэ бол баталгаатай шүү. Олон судалгаа хийсэн. Энэ юуг өгүүлж байна вэ гэхээр тэр хэмжээний ус эсрэг талаас шахаж байна гэсэн үг. Бид ус авдаг 28 цооногоо байнга харж, хянадаг.
-“Оюутолгой” өдөрт дунджаар хэдий хэр хэмжээний ус гүнээс авдаг юм бэ?
-Дунджаар 25-30 мянган метр куб ус авдаг. Одоогийн байдлаар энэ хэмжээний ус авахад усны төвшин огт буурахгүй байгаа нь судалгаагаар батлагдсан.
-Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дор их хэмжээний усны орд байдаг гэж сонссон. Үнэн үү?
-Яахав. Цаана нь Говь гурван сайхан гээд том уул байна шүү дээ. Уулан дээр буусан хурын усны нэг хэсэг нь үер болж газрын гадаргаар урсана. Нэг хэсэг нь хөрсний доорх ус руугаа цутгадаг. Улаанбаатар хотын ундын ус жил ирэх тусам багасч байна гэдэг дээ. Учрыг нь мэдэх үү.
-Гүний худаг олноор ухсан, дээр нь усны зохисгүй хэрэглээ, ногоон байгууламжийн тоо цөөрсөнтэй холбоотой байх.
-Нэг талаасаа тийм. Модны навчин дээр шөнөдөө шүүдэр тогтдог доо. Бороо орлоо. Нэг хэсэг нь навчин дээр тогтож, нөгөө хэсэг нь хөрсөнд шингэнэ. Үер болж урсана. Навчин дээр тогтсон ус газарт бууж, хөрсөнд шингэдэг. Өөрөөр хэлбэл, хөрсний усаа мод, өвсний навчин дээр тогтсон ус тэжээж байдаг хэрэг. Ургамал усаа барьдаг гэсэн үг. Нарны гэрлийг хааж, ууршихаас сэргийлдэг байхгүй юу. Дээр нь Туул голын усны 70 хувь нь барилга, орон сууцны түрбагаар урсдаг. Жилд унах тундасын хэмжээнээс хэд дахин давсан хэрэглээтэй байхаар усны түвшин буурахгүй гээд яах юм бэ. Америкийн 350 сая ам.долларын тусламжаар усны эх үүсвэр байгуулна гэж байна. Байгаа юм аа ашиглахад зарцуулж байгаа зүйл биз дээ, энэ. Биокомбинатаас доошхи усны эх үүсвэр гэсэн. Гэтэл цэвэрлэх байгууламжийн бохироор бохирдсон ус. Бодвол цэвэршүүлж, хэрэглэх юм байлгүй. Өнөөдрийг хүртэл монголчууд саарал ус хэрэглэсэн түүхгүй. Хэдэн жилийн дараагаас саарал усаа ундандаа хэрэглэх биз.
-Монгол Улсад эрдэс баялагийн салбар эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад экологийн тэнцвэрт байдал алдагдах боллоо. Заамар орчим сүйдчихлээ. Баянхонгор аймгийн зарим сумдад алтны олборлолт дагасан экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Яг энэ цаг үед Өмнөговь аймагт “Оюутолгой” ХХК зэсийн хүдэр олборлож байна. Экологийн тэнцвэрт байдал алдагдсан аймгуудын гашуун түүх Ханбогдод давтагдах вий гэсэн айдас иргэн бүрт бий. Гэтэл таны хэлснээр Оюутолгой 100, 150 жил олборлолт хийсэн ч говь нутаг усны гачаалалд орохгүй гэж ойлголоо. Би зөв ойлгож уу?
-Айх зүйлгүй. Их сонин. Байгаль өөрөө бүх зүйлээ зохицуулдаг юм шиг. Тавантолгойн нүүрсний орд байна. Энэ ордыг ашигла гэсэн юм шиг 60 км-ын цаана Балгасын улаан нуур гээд газар доорх усны орд байх жишээтэй.
-Энэ орд хэдий хэр нөөцтэй юм бэ?
-300л/сек нөөцтэй болов уу. Яг нарийн тоо мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө талаасаа байгаль экологийнхоо хувьд эрсдэлтэй ордод хамаарна.
-Ямар?
-Том тогоо байна гээд боддоо. Энэ тогоонд байгаа ус гэсэн үг. Дээд давхарга нь доод давхаргуудтайгаа холбоотой. Дээд усыг эрчимтэй ашиглавал тэжээгдэх мөчлөг нь бага. Энэ сав газарт өөрийн биеэр судалгаа хийгээгүй учир үүнээс өөр мэдээлэл алга. Яахав, хажууд нь усны нөөц бий л дээ. Гэхдээ “Оюутолгой” шиг Галбын говь, Гүний хоолой шиг газрын доорх нөөц байхгүй.
-Гүний хоолойн газрын доорх усны нөөц хэд юм бэ?
-1025 л/сек-ээр тайлангаа бичиж өгөөд 870 л/сек-тээр Усны газраас баталж өгсөн. Ашиглахдаа өдөрт 30 мянган тонн ус гэхээр 870-аасаа хамаагүй багийг хэрэглэж байгаа. Гэтэл Цагаан суваргын орд гэхэд цаана нь Цагаан цавын газрын доорх усны орд бий.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (18)