Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод энэ сарын 13-14-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, даргалж үг хэлсэн билээ.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон юм. Үүнээс гадна Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт тавдугаар уулзалтад оролцсон юм.
Төрийн тэргүүний айлчлалаас хамгийн сонирхол татсан уулзалт нь ШХАБ-ын гишүүн, оролцогч орнуудын төрийн тэргүүний хуралдаан байв. Учир нь манай улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч орноор элссэн бөгөөд өнөөг хүртэл гишүүнээр элсэх саналыг гишүүн орнууд тавьсаар ирсэн юм. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар ч гэсэн асуудал мөн л яригджээ.
Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсыг ШХАБ-д элсэх саналыг дахин тавьсан байна.
Тэрбээр "ШХАБ-д элснээр эдийн засаг, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтой. Тэр дундаа дотоодод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломжтой болно" гэдгийг илэрхийлжээ.
Харин манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа. Түүнчлэн улс төр, нийгмийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байгаа төдийгүй энэ асуудалд монголчуудын санал бодол хуваагдмал байгаа.
Иймээс ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн аж.
ШХАБ нь анх байгуулагдахдаа цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах зорилготой байв. Өдгөө терроризм, сепаратизм, экстермизм, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг зэргээр хүрээгээ тэлж байгаа билээ.
Ташрамд дурдахад, гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёр оронд тавьсан байна. Гэвч түркменчүүд татгалзсан юм. Үүнээс хойш өнөөг хүртэл ямар ч холбоо тогтоогоогүй байгаа юм. Харин Монгол Улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон талаар зарим судлаачид хэлдэг.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (19)