Монголын Хуульчдын холбооноос "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" уриан дор "Хуульчдын форум"-ыг энэ сарын 13-нд зохион байгуулсан юм. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор, доктор Т.Мэндсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуульчдыг хамгаалах зохицуулалт сул ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Шүүгчдийн хараат бус байдлын тухай багагүй яригдаж байна. Үүнээс гадна өмгөөлөгчдийн хараат бус байдал хууль тогтоомжоор хангалтгүй байна. Өмгөөлөгчдийг чагнах, мөрдөх, ажлын байрт нь нэгжлэг хийх асуудал бүрэн нээлттэй байна. Мөн тодорхой хэмжээнд хэрэг маргаанд өмгөөлөгчөөр ажилласныхаа төлөө эсрэг талаас эсвэл бусад хууль сахиулах талаас дарамтлах асуудал хэвээр байсаар байна. Түүнчлэн прокурорууд дээрээс доош төвлөрсөн удирдлагатай тул тэдний бие даасан хараат бус байдлыг тодорхой хэмжээнд бэхжүүлж, хамгаалах ёстой. Тиймээс хуульчдын хараат бус байдлыг хамгаална гэдэг нь тэднийг улс төрийн болон дээд шатны удирдлагын ямар нэгэн командаар ажилладаггүй байх тогтолцоог бүрдүүлэхийг хэлнэ. Өнөөдрийн байдлаар энэ тогтолцоо бүрдээгүй байна.
-УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Зарим хуульчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болоогүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль тийм ч муу хууль биш. Хамгийн гол нь бид хэрэгжүүлж чаддаггүй. Нөгөөтэйгүүр, тодорхой тохиолдолд тайлбарлаж хэрэглэдэг. Ерөөсөө Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа хангалтгүй байсны улмаас ийм байдалд хүрсэн гэж хэлж болно. Олон нийтийн хэлэлцүүлгээс харахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий нь харагдсан. Тиимээс нэмэлт, өөрчлөлт оруулсны дараагийн Үндсэн хуулийг зөв тайлбарладаг Цэцээ бүрдүүлэх шаардлагатай. Үүнийг хийхгүйгээр энэ өөрчлөлтөд үр дүн гарахгүй.
-Та судлаач хүний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?
-Хамгийн сүүлийн төсөлтэй нь танилцсан. Энд орж ирж байгаа зарим зүйл заалттай санал нэг байгаа. Мөн зарим нэг шаарлагатай зүйлийг тусгаагүй гэж харсан.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, шүүхийн тогтолцооны асуудлыг хөндөөгүй байна. Уг асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага бий. Хоёрдугаарт, иргэдийн оролцоо болон тэдний төлөөлөгчийн оролцооны эрх хэмжээний асуудлыг тодотгоогүй байна. Үндсэн хуулийн 52.2-д заасныг тодотгохгүй бол Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан хэрэгжих байсан. Үүнийг шийдвэл шүүн таслах ажиллагаанд иргэдийн хяналт сайжирна. Мөн хөндлөнгийн нөлөөлөл багасна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор дордуулсан долоон өөрчлөлтийн тав нь засагдана гэж ярьж байсан. Ингэж өөрчилсөн зүйл байна уу?
-Засагдсан хувилбараар төсөл хийгдсэн байсан.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)