УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг 12.15 цагт хаалттай хэлэлцсэн билээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол Улс өнөөдөр гадаад харилцааны салбарт том гэмт хэрэгт холбогдож дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ асуудлыг байнгын хороо хаалттай хэлэлцэх юм байна. Бид хулгай луйврын асуудлаа маш нууц хэмээн төрийн тамга дарж хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй. Ийн Монгол Улсын нэр төрд халсан хэргийг Монголын төр хаацайлдгаа болих хэрэгтэй. Одоо биднийг дэлхий нийт харж байгаа шүү. Хэрвээ хар тамхи зөөдөг мафийн төлөөллүүдээ Монголын парламент ил тод ярихгүй, арга хэмжээ авахгүй бол Монголын төр өөрөө хар тамхины мафын ард байна гэж олон улс дүгнэнэ. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх зүй, чадамжийн асуудал яригдана. Ингэж нууц болохгүй. Юуг нь нуудаг юм” гэсэн бол Ж.Батзандан гишүүн “Гадаад, дотоодгүй төрийн албан тушаалтнууд, дипломат албаныхан гэмт хэрэг үйлддэг, хар тамхи зардаг, хүн хулгай хийдэг, авилгал авдаг, Арбитрын шүүхтэй тохиролцож Монголыгоо ялагдуулдаг, дээрэм тонуул хийдэг гэх мэдээлэл өдөр бүр гардаг боллоо. Хар тамхины дипломат пасспорттой нөхдүүдийн хар тамхины наймааны талаар бид олон жил ярьж байна. Улам л нэмэгдээд байх юм. Тамхины наймаа хийдэг байсан тагнуул, ГХЯ-ныхан хар тамхины наймаа хийдэг боллоо. Энэ асуудлыг ил тод ярих ёстой. 2015 онд Тагнуулын байгууллага Хилийн тагнуулыг татан буулгасан. Үүнээс үүдэж хилээр орж ирж байгаа хар тамхи хяналтгүй болсон ярьж байна. Одоо ч тагнуулынхан, хууль хүчний байгууллагынхан хар тамхины наймаа хийдэг. Монголд хар тамхи хэрэглэдэг, наймаалцдаг мафи хүчээ авч байна” хэмээн ярьсан юм.
Тэгвэл хаалттай хуралдааны талаар Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хар тамхитай холбоотой хэрэг зөрчил нэг, хоёр удаагийнх биш байна. Яаралтай арга хэмжээ авах цаг болсон байна. Бид хэргийг илрүүлэх болон бусад асуудлаар хэлэлцсэн учраас хуралдааныг хаалттай явуулсан. Арав гаруй жилийн турш хар тамхитай холбоотой мэдээлэл ирж байсан, дээр нь өмнө нь хэрэгт холбогдсон хүмүүс ч дахин томилогдож байсан учраас томилгооны асуудалд анхаарал хандуулах ёстой. Эхний ээлжид байнгын хороогоор мэдээлэл сонслоо цаашид УИХ, ҮАБЗ-д танилцуулах болов уу гэж бодож байна" гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (5)