УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ.
Гэрээний төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр “2019 оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байна. Харин Вьетнам улсад ял эдэлж байгаа Монгол иргэн байхгүй. Тус улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчин иргэн суралцдаг. Энэ гэрээний төсөл 22 зүйлтэй. Гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөлд шилжүүлэх үндэслэл, шаардагдах бичиг баримтыг хүргүүлэх, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд урьдчилан саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж үзэ байна” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол Улс өнөөдөр гадаад харилцааны салбарт том гэмт хэрэгт холбогдож дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ асуудлыг байнгын хороо хаалттай хэлэлцэх юм байна. Бид хулгай луйврын асуудлаа маш нууц хэмээн төрийн тамга дарж хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй. Ийн Монгол Улсын нэр төрд халсан хэргийг Монголын төр хаацайлдгаа болих хэрэгтэй. Одоо биднийг дэлхий нийт харж байгаа шүү. Хэрвээ хар тамхи зөөдөг мафийн төлөөллүүдээ Монголын парламент ил тод ярихгүй, арга хэмжээ авахгүй бол Монголын төр өөрөө хар тамхины мафын ард байна гэж олон улс дүгнэнэ. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх зүй, чадамжийн асуудал яригдана. Ингэж нууц болохгүй. Юуг нь нуудаг юм.
Мэргэжлийн хүн Гадаад харилцааны яамд ажиллах бололцоогүй болсон. Хэлнийхэн эсрэг байвал “Цааш нь харуулна, хонгилоор оруулна” гэдэг. Хар тамхины наймаачдынхаа толгойг нь илээд дахин элчин сайдаар томилж явуулаад байсан жагсаалт бий. Энэ жагсаалтыг ард түмэнд зарламаар байна.
Ж.Батзандан: Гадаад, дотоодгүй төрийн албан тушаалтнууд, дипломат албаныхан гэмт хэрэг үйлддэг, хар тамхи зардаг, хүн хулгай хийдэг, авилгал авдаг, Арбитрын шүүхтэй тохиролцож Монголыгоо ялагдуулдаг, дээрэм тонуул хийдэг гэх мэдээлэл өдөр бүр гардаг боллоо. Хар тамхины дипломат пасспорттой нөхдүүдийн хар тамхины наймааны талаар бид олон жил ярьж байна. Улам л нэмэгдээд байх юм. Тамхины наймаа хийдэг байсан тагнуул, ГХЯ-ныхан хар тамхины наймаа хийдэг боллоо. Энэ асуудлыг ил тод ярих ёстой. 2015 онд Тагнуулын байгууллага Хилийн тагнуулыг татан буулгасан. Үүнээс үүдэж хилээр орж ирж байгаа хар тамхи хяналтгүй болсон ярьж байна. Одоо ч тагнуулынхан, хууль хүчний байгууллагынхан хар тамхины наймаа хийдэг. Монголд хар тамхи хэрэглэдэг, наймаалцдаг мафи хүчээ авч байна.
Энд төрийн байгууллага оролцдог гэсэн мэдээлэл УИХ-д ирж байна. Анх удаа энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайхан гишүүн томилогдсон учраас энэ асуудлыг анх удаа ярьж байна. Хар тамхины наймааны ард Тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурын ах дүү нар дандаа тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан. Тэр ял авсан нөхдүүдийг буюу Даваадоржийг Англи руу, найзуудыг нь Хонконг, Хойд Солонгос руу явуулсан. Харин өөрт нь генерал цол өгч Монголын төр толгой дээрээ гаргаж даврааж байна. Энэ болгоныг таслан зогсоох ёстой. Тамхины наймаачдын бүлэг хар тамхины бүлэг болж хувирлаа. Монголын төр ажлаа хийхгүй юм уу.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (21)