“Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй таван давхар барилгаас иргэн Х унаж, хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн сарын 19-ний өдөр гарсан. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж. Уушгиндаа цус хурсан, элэг бяцарсан, нэг хөл нь мэдээгүй болсон, дотуур эрхтэнд ихээхэн гэмтэл үүсчээ.
Энэ талаар өмгөөлөгч Ц.Монгол “Уг нь журмаараа хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоодог. Гэтэл гэмтлийн зэргийг тогтоолгүй 20 орчим хонолоо. Энэ асуудалд хэрэг үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн балаг гэж харж байна. Учир нь болохгүй, шийдэхгүй гэсэн хэргүүдийг хууль руу чихдэг. Тухайлбал, энэ хуулиас болоод бид хэрэг үүсгэж чадахгүй байна. Хэрэг үүсгэх хугацаа, сэжигтнээр татах асуудал байхгүй болсон тул болохгүй байна гэдэг. Түүнчлэн хуулийн дагуу барилга гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч таван давхар барилга барьж байгаа хэр нь хамгаалалтын тор ч татаагүй” гэв.
Хохирогчийн ээж Д.Долгор “Компанийн зүгээс ирж уулзсан хүн байхгүй. Аавтай нь хоёр хүн ирж уулзсан гэсэн. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээллэвэл хүүгийн чинь төлбөрийг өгөхгүй шүү гэж хэлсэн. Миний хүү мужаан хийдэг ч хөдөлмөрийн чадваргүй болсноос гадна биеийн байдал маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй. Том нь гурван настай, бага нь ой зургаан сартай бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хардаг. Аюулгүй байдлыг хангуулж ажиллуулаагүй компанид гомдолтой байна” хэмээн ярьж байлаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)