НИТХ-ын АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайхан томилогдсоноос хойшх 100 хоногт ямар ажил хийсэн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “С.Амарсайхан хотын дарга болоод хамгийн түрүүнд өрөөгөө тохижуулсан. Угтаа бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогссон, нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан гээд асуудал олон бий. Гэтэл тансаг өрөөнд тухлахаа бодлоо. Ингэж болохгүй. Үүний дараа Засгийн газрын 100 дугаар тогтоолыг батлуулсан. Засаг дарга дэргэдээ гурван зөвлөхтэй болсон. Өмнө нь дөрвөн орлогч даргатай байсан бол зургаа болгож тоог нь нэмсэн. 12 агентлагийн нэр өөрчилсөн. Шинээр агентлаг байгуулсан. Жирийн нэг хэлстийн дарга, албадын дарга нар дээрээ 12 даргатай боллоо. Олон даргатай болохоор аль даргынхаа үгийг дагахаа мэдэхээ больсон. Дараа нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр “Тянжин фүүдс” компанид 50 га газар олгохыг хүссэн. Энэ шийдвэрийг тухайн үеийн НИТХ дэмжээгүй. Гэтэл засаг дарга С.Амарсайхан “газар олгох нь зүйтэй” гэдэг байдлаар холбогдох албанд албан хүсэлт гаргасан. Ийм Засаг даргатай байж болохгүй.
АН-ын бүлгээс, иргэдийн зүгээс Туул голын бургасыг хядсан газраа нөхөн сэргээх хүсэлт гаргасан.
Засаг даргын төрсөн ахынх нь компани ийм хууль бус үйлдэл гаргасан. Ерөнхий сайдад энэ асуудлаар хандсан. Гэтэл өнөөг хүртэл нөхөн сэргээлт хийсэнгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод халаа сэлгээ тоймоо алдлаа. Халагдсан хүмүүс шүүхэд хандаж байна. Нэг нам эрх барьж байгаа үед амалсан амлалтаа биелүүлж, бодлогын реформ хийх бүрэн боломж бий. Гэтэл зөвхөн “Миний, чиний хүн” гэдэг байдлаар албан тушаал булаацалдаж байна” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Туул гол маш хүнд байдалд байна. Ундны усны нөөц багасч байна. Гэтэл үүнд Засаг дарга С.Амарсайхан томоохон үүрэг гүйцэтгэж байна. Учир нь Засаг дарга өөрийн төрсөн ахдаа 5 га газар олгосноос болж 14 мянган ширхэг бургас хядсан. Энэ бол албан ёсны тоо.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэдгийг мэдэгдсэн.
Үүнийг иргэд сонссон байх. АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дөрөвдүгээр сарын 9-нд мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хариуцлага тооцсонгүй. Төрсөн ахынхаа хууль бус алхамыг нуухын тулд элдэв башир арга хэрэглэж байна. Тиймээс хариуцлага тооцох ёстой. Нийслэлийн Засаг дарга болсноос хойш иргэдийн амьдралд дэм үзүүлэх сайн ажил хийсэнгүй. Харин ч сөргөөр нөлөөлөх есөн ажил хийсэн. Одоогийн байдлаар хотод хийгдэх ёстой ажил гацсан. Учир нь тендерээ зарлаагүй. Тэр байтугай аль орлогч ямар ажлаа хариуцах бэ гэдэг тэмцэл дуусаагүй байна. Албан тушаалын тэмцлээс болж нийслэлчүүд хохирч байна” гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (16)