Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллагаас “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагааны талаар зөвлөх үйлчилгээ үзүүлээч хэмээн түүнд хүсэл тавьсан. Энэ хүрээнд тус компканийн үй ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сум дахь 19, 21 дүгээр талбайд монголчуудыг ажиллуулах асуудлаар хандсан. Энэ хүрээнд АТҮТ, Зам тээврийн хөгжлийн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэгт хандахад дөрөвдүгээр сараас эхлэн хятадаас нэг ч кран нэмж оруулахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос хууль бусаар зургаан краныг Баянхошууны боомтоор оруулж ирсэн байна гэж Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээллээ.
Тэрбээр “Энэ талаарх мэдээллийг сонсоод энэ сарын 2-5-нд уг асуудлаар ажлаад ирлээ. Энэ үеэр маш ноцтой зөрчлүүд илэрсэн.
Тухайлбал, дээрх зургаан кран ачааны машины зөвшөөрлийг авч оруулж ирсэн. Уг нь тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой. Монгол, БНХАУ-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протоколд онцгой зөвшөөрлийн бичиг авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл тус улсын эрх олгогдсон байгууллагаас Монголын эрх олгогдсон байгууллагад хандаж зөвшөөрөл хүсдэг. Ингэж оруулах журамтай. Гэтэл нэг удаа хил нэвтэрдэг тээврийн зөвшөөрлөөр оруулж ирсэн байна. Тиймээс төрийн байгууллагуудад шаардах бичиг явуулсан.
Хууль бусаар оруулж ирсэн тээвэрлэлийн хэрэгслээ тавдугаар сарын 30-ны өдөр гарга гэж АТҮТ-өөс бичиг өгсөн ч одоог хүртэл гараагүй.
Мөн АТҮТ-ийн дарга болон улсын байцаагчтай нь хамт тус газарт очсон. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-иас “Тийм зүйл байхгүй. Монголын шийдвэр бидэнд үйлчлэхгүй. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн толгой компани биднийг гар гэвэл гарна” гэсэн.
Нэг цамхаг буулгахад 100 сая ам.доллар байдаг юм байна. Тэнд хэдхэн хоноход 700 сая ам.доллар зүгээр аваад явчихаж байна. Мөн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очин крануудыг тоолж үзэхэд олон краныг хууль бусаар оруулж ирсэн байна. Төрийн байгууллагууд нь шаардлага тавихаар “Үгүй” гэдэг” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (16)