АН-ыг задлагч, ард түмнээсээ урвагч хэмээх цол хүртээд буй УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрыг өөрийн хамаарал бүхий нөхдийн хамт “зувчуулсан” байж магадгүй хэрэгт нэр холбогдоод байна. АН-ын дарга ийнхүү газрын наймааны хэрэгт нэр холбогдсон нь намын нэр хүнд шалаар хөглөрөх бас нэгэн шалтгаан болов. Угтаа бол нийгэм, эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэж, харийн улсыг зорих залуусын давалгааг эх орныхоо зүг эргүүлж чадсан намын нэр хүнд ийн унана хэн санах билээ. Үүнд намын даргын ур чадвар, ухаан дутсан уу, нам доторх намчирхал газар авсан уу, бүү мэд.
Аль ч бай хамаагүй, С.Эрдэнийн нэр холбогдсон газрын хууль бус олголттой холбогдуулан нэгэн ам, амлалтын хариуг нэхэх гэсэн юм.
Тэртээ 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялж, далбаагаа юугаан хөх тэнгэрт мандуулах тэр үед С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байв. Нийгмийн хамгийн чухал амин сүнс болсон салбарыг толгойлохдоо тэрбээр өмнөх туршлагаа ашиглаж, багагүй амжилт дагуулсан шийдвэр гаргасан гэж болно. Гэвч улстөрчийн өнөө л попордог зангаа гаргаж эхэлсэн байдаг. Энэ нь улсын эзэмшилд байсан хүүхдийн зуслангуудыг төрд эргүүлэн авч, үр хүүхдүүдээ үнэ төлбөргүй амраадаг болно. Төрийн эзэмшлийн газрыг дур мэдэж, эрх мэдэлтнүүд өөрийн эзэмшилдээ авсан байна. Ингэж болохгүй. Ийм бусармаг үйлдэлтэй тэмцэнэ гэж ирээд л бөөн сенсаац тарьж байв. Тухайн үед АН-ын нэр хүнд тэнгэрт цойлж байсныг ч хэлэх үү, С.Эрдэнийн уг мэдэгдэл ёстой л өвсөнд гал тавихтай адил тархсан юм. Ийнхүү дуулиан тарьсан эл мэдэгдэл хийснийхээ дараа тэрбээр ичээндээ бүгсэн юм.
Гэтэл ичээндээ бүгэж, амаа хамхисан нь ийм шалтгаантай байж.
Энэ нь өөрийн чиг үүрэгт хамаарч байсан буюу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэдэлд байсан “Найрамдал” зуслангийн газраас С.Эрдэнийн хамаарал бүхий этгээд хумсалсан хэрэг. Хэн нэгэн энгийн ардын хүүд “Найрамдал” зуслангийн аглаг ой дотор байтугай гуу жалганд ч сөөм газар олдохоо байсан цаг. Гэтэл эрхэм сайд асан, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож буй С.Эрдэнийн ээж нь өнөөх зуслангийн газруудаас хумслаад зогсохгүй орон сууц барьсан байгаа юм. Ингэхдээ бүр төрсөн хүү нь салбарын сайдаар нь ажиллаж, өнөөх сүр дуулиантай мэдэгдлийг хийж байх яг тэр цаг үед шүү дээ. Энэ талаар тус зуслангийн үе үеийн бүх ажилчид ярьж, хэлж ирсэн боловч хэн ч ойшоож үзээгүй. Тэгвэл сүүлийн үед өрнөөд буй үйл явдалтэй зэрэгцэн газрын “наймаачин” С.Эрдэнийн нууц хөрөнгө ил болж эхэллээ. Түүний газрын эзэмшил ингээд дуусахгүй гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн. 22-ын товчооноос шинэ “Авто худалдааны цогцолбор” руу тавигдсан автозам дагуу хашаалсан том газраас эхлээд Ар гүнт дэх ойролцоогоор 2 га газар гээд тоолоод барахгүй. Тэгвэл энэ талаар “Буян”-гийн Д.Жаргалсайхан өөрийн нүүр номын хуудастаа нийтэлснийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэе.
Д.Жаргалсайхан: Ээжийгээ хаана, юу хийгээд явааг С.Эрдэнэ та мэдэж байна уу...
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд “Төрсөн эцэг, эх, ах дүү, эгч, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, эхнэр нөхрийн эцэг, эх, тэдний ах, дүү, эгч бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ” гээд заачихсан. Шулуухан хэлэхэд эдгээр нөхдөд тендер өгөхгүй, газар авч өгөхгүй гэсэн үг. С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад түүний харьяанд байдаг "Найрамдал" зуслангийн газарт түүний ээж газар авчээ. С.Эрдэнийн ээж “Молор трейд”, “Молор констракшн” компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай. Дээрх хоёр компаниараа дамжуулан газар авч 150 айлын орон сууц “Найрамдал” зусланд барьжээ. Овсгоотой эмээ мк талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлэн зарсан байгаа юм. “Найрамдал” дэд бүтэцтэй, халуун хүйтэн усаар хангагдсан газар л даа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан тэрээр “Надад нэг метр ч газар “Найрамдал” зусланд байхгүй. Миний найз, хуулийн этгээдүүд бизнес эрхэлж байгааг үгүйсгэхгүй” гэжээ.
Үүнээс үзэхэд 80 гарсан ээжээ хаана, юу хийж явааг мэдэхгүйгээс гадна хамаарал бүхий этгээд биш хэмээн дайрчээ.
Үүнээс хойш албан тушаалтнууд ээжийгээ “Хуулийн этгээдээ” хэмээн дуудах гарцыг олжээ. Хөгшин настай хүнийг дурдсан нь ёс зүйгүй мэт харагдавч ээжийгээ ийм заваан зүйлд хутгасан “Намайг бодоорой” гэсэн С.Эрдэнээг хараад гайхах юм. Цаашдаа “Хандгайт”-д баригдсан барилгууд, Нийгмийн даатгалд гарсан хулгайд хөгшин эх, үр хүүхдээ битгий л холбоосой доо” хэмээжээ.
Д.Жаргалсайханы эл мэдэгдлийг баталгаажуулах мэт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс эхлээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүртэл “Найрамдал” зуслангаас эхлээд олон газрыг эрх мэдэлтнүүд хууль бусаар эзэмшилдээ авсан. Тэдний нэг нь С.Эрдэнэ гэдгийг онцолсон удаатай. Ийнхүү АН-ын дарга газрын наймаа, хууль бус олголттой нэр холбогдлоо. Тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль бус газар олголтыг таслан зогсоож, төрд эргүүлэн авна гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл “Найрамдал” зуслан дахь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ газрыг төрд эргүүлэн өгч чадах болов уу.
Эндээс л АН 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгө тодорхой болох биз ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (33)