Хотын дарга С.Амарсайхан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр “Х.Мандахбаяр гэдэг хүн над дээр орж ирээд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэр дээр байдаг газрын 74 сая төгрөгийг төлөөгүй. Уг газрыг төлбөрөөс чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хоёрдугаарт, барих гэж байгаа орон сууцныхаа байр руу төсвийн 400 сая төгрөгөөр дэд бүтэц татуулж өг гэсэн. Гуравдугаарт, орон сууцны бизнес хийх гээд авсан газар нь хүрэхгүй байна. Тус газрыг сунгаж өгнө үү гэсэн биелүүлэх боломжгүй, төсвийн хөрөнгийг үрсэн, шаардлагагүй асуудал ярьсан тул хүлээж авах боломжгүйгээ хэлсэн. Хэрэв уг асуудлыг шийдвэрлэвэл сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл таны улстөрийн ажлыг дэмжиж ажиллана гэхэд нь тийм шаардлага байхгүй гэдэг санааг илэрхийлсэн.
Гэтэл энд тэнд газар таарахдаа уг саналуудыг хүлээн авах, асуудлыг шийдэх хэрэгтэй гэж утасдаж, янз янзын байдлаар мессеж бичиж байсан. Надад тавьсан санал нь биелэгдээгүй тул нийслэлийн үйл ажиллагааг буруу зөрүү харагдуулах санаархал явуулж, тэр нь хэрээс хэтэрч байна. Тухайлбал, С.Амарсайхан гэдэг хүний удам судар, гарал үүсэл, түүхэд халдаж байна. Миний удам сударыг үгүйсгэсэн, доромжилсон, гүтгэсэн, үндэслэлгүй мэдээлэл өгснийг цагдаа, тагнуулын байгууллагад шалгуулаад явж байгаа. Мөн дахин гүтгэлгийн шинжтэй зүйлийг Х.Мандахбаяр болон түүний нөхдийн зүгээс хийж байгаа тул өнөөдөр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн газрын удирдлагуудад албан ёсоор хандаж, шалгуулна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (111)