БХБЯ-наас Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэрийн хүрээнд нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, олон жил хадгалагдаж байгаа лагийг халдваргүйцүүлэх, зайлуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд уг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм байна.
Түүнчлэн сүүлийн хоёр, гурван хоног иргэдийн зүгээс гадуур явахад өмхий үнэр ханхалж байгаа талаар гомдол их ирсэн аж. Энэ нь өдөр тутам гарч байгаа 1200 метрийн түүхий лаг болон хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэхтэй холбоотой гарч байгаа үнэр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж аухйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат “Халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлсэн юм. Энэ онд 240 мянган метр куб лагийг халдваргүйжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажил хоёр үе шаттай явж байгаа бөгөөд эхний ээлжийн ажил тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Харин мхий үнэр юунаас үүдэн гараад байна гэхээр салхины чиглэл болон хурдаас шалтгаалан Улаанбаатар хотын төв рүү орж ирж байгаагаас үүдэлтэй. Лаг халдваргүйжүүлэх ажлыг төлөвлөсөн ёсоор 2018-2020 онуудад хийж гүйцэтгэх ёстой. Тиймээс бидний хувьд шинэ цэвэрлэх байгууламжийн бэлтгэл ажилтай холбогдуулан маш шахуу ажиллаж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)