УИХ-ын Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр болохоор товлогдсон. Нам эвслэлүүд хуульд заасны дагуу нэр дэвшигчээ энэ сарын 24-28-нд зарлах ёстой. Тэгвэл МАХН-аас Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтжээ. Тодруулбал, өнөөдөр МАХН-ын бага хурал болж, тус намаас Л.Сэлэнгэ, Н.Энхбаяр нарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд гишүүдийн 91.9 хувийн саналаар Н.Энхбаяр ялалт байгуулсан байна.
Энэ талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, тус намын дарга Н.Энхбаяр “Надад итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан Бага чуулганы гишүүддээ баярлалаа. Хэнтийн 42 дугаар нөхөн сонгуультай холбогдуулж янз бүрийн байр суурь байна. Эрх баригчдын хувьд сонгууль битгий болоосой гэж бодож байна, хүсч байна. Итгэлийг нь даагаагүйдээ тэр шүү дээ. Одоо ч гэсэн Үндсэн хуулийн цэцэд өөрсдийн томилсон хүмүүсээр энэ сонгуулийг явуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. Гэхдээ Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зөв гэж харж байгаа.
Мөн энэ парламентад хэтэрхий бага хугацаа үлдсэн гэж зарим иргэд үзэж байгаа байх. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой. Хэнтийн нөхөн сонгуультай холбогдуулан МАН, АН аль хэдийнэ бэлтгээд эхэлсэн байна. Тэрбум тэрбумаар нь мөнгө тарааж байгаа. Хэнтийн иргэд хулгайн мөнгийг нь авсан ч шударгаар саналаа өгч чадна гэдэгт итгэж байна. Учир нь хулгайн мөнгөөр явуулсан ажилд иргэд хэрхэн хохирсныг бид өнгөрсөн хугацаанд харсан.
МАН, АН хоёр луйвраар л ялна. Амаргүй сонгууль болох байх. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүүг бид 2017 оны сонгуулиар мэдэрсэн. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна. Та нарынхаа итгэлийг дааж, нүүр царайг сэтгэлдээ төсөөлж, өрөвдөж хайрлаж, хүндэтгэж би их өрийг тэглэх ажлыг амжилттай хийж байсан.
Та нартайгаа хамтарч “Мянганы зам” төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотыг Хэнтий, Дорнод Ховд, Баян-Өлгий аймагтай холбох ажлыг эхлүүлж, одоо амжилттай хэрэгжиж байна. Та нарынхаа итгэлийг дааж ялангуяа хүүхдүүдээ бодож “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Би ганцаараа хийгээгүй. Та бүгдтэй хамт хийсэн. Би таны итгэлийг даасан. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг сэргээе. МАХН сэргээж чадна. Энэ намаас нэр дэвшсэн би сэргээж чадна. Хэнтийчүүддээ хандаж хэлэхэд МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана” гэж хэллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (23)