УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах санал гаргасан асуудлаар МАН-ын хяналтын хорооноос ирэх таван жилд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Уг асуудалтай холбогдуулан гишүүд ч өөрсдийн байр суурийг илэрхийлж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь хүний эрхийг дээшлүүлсэн тал бий. Гэхдээ сүүлийн хоёр жилд энэ нь цагаан захтангууд, албан тушаалтан, авлигын хэрэгт холбогдсон хүмүүст хэргээс мултрах боломжийг бий болгож байна гэж их яригдсан шүү дээ. Ц.Нямдорж гуай угаасаа хуулиар тоглодог хүн. Тэрбээр хөөн хэлэлцэх хугацааг ярихын өмнөхөн картаа сугалаад явчихсан байна лээ. Хуулиар тоглодог, гэмт хэрэгтнүүдийг сулладаг ийм л нөхөр юм. Тухайлбал, 2008 онд хууль санаачлан 10 орчим мянган хүн суллагдсан байдаг. Энэ талаар Ш.Раднаасэд гишүүн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлж байсан.
2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хууль нь Эрдэнэтийн 51 хувьд хулгай хийсэн хэсэг хүмүүст зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл, цагаан захтангуудын хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд баталсан гэж харж байгаа. “Жаст” компанийн Монголд оруулж ирсэн олон сая ам.доллар газрын гаваар орсон. Үүнийг МАН-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө хувьдаа авч завшиж, сонгуульдаа ашигласан.
Уг асуудлаар Эрдэнэтийн удирдлагууд хэрэв биднийг ялаас чөлөөлөхгүй бол та бүгдийг Эрдэнэт рүү шахсан барааг гаргаж тавина. Үүний үр дүнд авлигал, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар багасгасан. Ер нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасанд эсрэг байр суурьтай байна. Цагаан захтануудад ял завших давуу байдлыг олгож болхгүй гэж тухайн үед мэдэгдэж байсан шүү дээ. Авлигын гэмт хэрэг хожуу илэрдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн албан тушаалаасаа буусны дараа хохирогч хэргийг илчилдэг. Харин энэ хугацаанд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм.
Мөн шүүхээс хэрэг буцдаггүй байсан тогтолцоог аваад хаячихлаа. Үүнээс үүдэн Улсын Дээд шүүхээс “Жаст”-ын хэрэг буцчихсан. Тэгэхээр Ц.Нямдорж гуайн үйлдэл бол намын авлига авсан албан тушаалтнуудыг хаацайлах, ялангуяа Эрдэнэтээс их юм идсэн. Үүнийгээ зувчуулахын тулд бүгдийг хийдэг” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)