ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-анд хийсэн шалгалтын үр дүнг өчигдөр олон нийтэд мэдээлсэн билээ. Түүний хэлснээр “Евро”, “Чингис”, “Самурай” бондноос мөнгө гаргаж, “Хөгжлийн банк”-наас авсан зээл авсан ч хугацаандаа төлөөгүй 19 зээлдэгчийн 964.1 тэрбум төгрөгийг төлүүлөх шаардлагатай байгаа аж. Хэрвээ эдгээр эрхэм авсан зээлээ эргүүлж төлөхгүй бол төрийн төмөр нүүрийг харуулахаа ч мөн хэлсэн. Тэгвэл “Хөгжлийн банк”-ыг хөнтөрч, бондуудыг боомилсон тэрбумтангууд хэн бэ.
Ингээд ЗГХЭГ-ын даргын танилцуулсан ноцтой зөрчил бүхий есөн кампанийг танилцуулъя.
1. “МАК цемент” 166.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Зээлээ огт төлөөгүй. “МАК цемент” нь Монголын алт компанийн охин компани бөгөөд Монголын алт компани нь 2018 оны “ТОП-100” аж ахуй компаниар долоо хоногийн өмнө шалгарсан. Ашигт малтмалын ашиглалт, хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
2. “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд 2020 оны аравдугаар сарын 19-нд зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусна. Одоогоор авсан зээлээсээ нэг ч төргийг огт төлөөгүй байна. Тус компани нь 2008 оны аравдугаар сарын 31-ны өдөр байгуулагдсан бөгөөд Гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмшигч нь М.Бөх-Очир.
3. “Монлаа” ХХК 5.6 тэрбум төгрөг зээлсэн. Эргэн төлөлтийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 11-нд дууссан. Одоогоор мөн л эргэн төлөлт хийгдээгүй. Тус компанийг 2005 оны 11 дүгээр сарын 21-ны Х.Энхсайхан, Н.Болдхүү, М.Ганбагана байгуулсан бөгөөд гадаад худалдаа, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, ашигт малтмалын ашиглалт болон хайгуул хийдэг компани юм байна. Анх үүсгэн байгуулагдахдаа лаа, шүдэнз үйлдвэрлэдэг байсан бол яваандаа цэвэр ус савалгааны бизнест хөл тавьсан. Улмаар уул уурхайн салбарт орж, ийнхүү зээл авсан гэдэг. “Монлаа” ХХК нь төмрийн уурхайтай.
4. “Кью эс си” ХХК 187.6 тэрбум төгрөгийн зээлтэй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дууссан. Одоогоор 167.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Уг компанийг 2008 оны аравдугаар сарын 31-нд Э.Шижир байгуулсан бөгөөд тус компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. Угтаа компани хувьцаа Каулитистийүл корпорэйшн-ны нэрд бүртгэлтэй байна. Гадаад худалдаа, барилгын засврын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
5. “Бэрэнгрупп” ХХК 102.4 тэрбум төгрөгийн зээлтэй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-нд дуусна. Зээлийн үлдэгдэл нь 101.8 тэрбум төгрөгийн зээлийг төлөөгүй байна. 2007 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Бэрэнбаралын Мөнхтөр тэргүүтэй хүмүүс үүсгэн байгуулсан. Ашигт малтмалын ашиглалт, хайгуул болон гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Сүхбаатарын талбайгаас 1.5 км байрлах 100 айл орчимд “Хангай” хотхоныг босгосон. Хотхоны бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй. Гэвч Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдсан удаатай. Учир нь Хангай хотхонд түрээсийн орон сууц ашиглуулах гэрээнээс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэг шүүхэд шилжсэн юм.
6. “Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээлтэй. 2026 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусна. Одоогоор зээлээ огт төлөөгүй байна. 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Эрдэнбат овогтой Жаргалангийн эзэмшилд байдаг. Гадаад худалдаа, үнэт металаар гоёл чимэглэл, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйл үйлдвэрлэх болон ашигт малтмалын ашиглалт, хайгуул, геологийн сорьцын лаборатори ажиллуулах, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбат нь Ховд аймгийн Булган суманд хайгуулын орд эзэмшдэг гэх. Тус орд нь цагаан алттай гэх яриа ч байдаг юм билээ. Ямартай ч тэрбээр Ховд аймагт эрдэнэсийн эрэлд гараад хот орох завгүй суудаг гэсэн. Зарим эх сурвалжийн өгүүлснээр “Хөгжлийн банк”-наас авсан 99.5 тэрбум төгрөгийг тус уурхайн хайгуулын ажилд зарцуулж байгаа гэдгийг мөн өгүүлсэн юм.
7. “Монгол драй милк” ХХК 39.4 тэрбум төгрөгийн зээлтэй. 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусах бөгөөд одоогоор зээлээ огт төлөөгүй байна. Э.Эрдэнэбилэгийн эзэмшилд байдаг бөгөөд Гадаад худалдаа, био, нано технологийн судалгаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
8. “Монгема” ХХК 9.9 тэрбум төгрөгийн үээлтэй. 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болох бөгөөд мөн огт эргэн төлөлт хийгээгүй байна. 2006 оны тавдугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан. Гадаад худалдаа, барилга угсралтын ажил, мах,махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (26)