МАН-ын ээлжит тоглолт хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 20 мянган төгрөгөөр эхэллээ. Тодруулбал, энэ мягмар гараг буюу энэ сарын 21-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ оны зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохийг холбогдох албаныханд даалгасан юм. Уг нь өнгөрөгч 2018 оны тавдугаар сарын 24-ний өдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 0-18 насны хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгө олгох санал гаргасан ч гишүүд тоож авч үзээгүй. Ганц энэ хуралдаанаар ч гэлтгүй УИХ-ын чуулганы үеэр хүртэл олон удаа яригдсан. Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн гэх сүржин гуншинтай эрхэм Ерөнхий сайд хэлгүй мэт чимээгүй суусаар л байсан.
Сонгуулийн чимээ ойртохтой зэрэгцэн улс төрийн намууд болоод улстөрчид ард түмэнд хайр зарлаж эхэлдэг. Энэ удаад ч ялгаагүй хүүхдийн мөнгөнөөс эхлээд “Итгэлийн зээл”-ээр иргэдийн итгэлийг даллахыг оролдож эхлэв. Эндээс л улстөрчид барьц алдаж эхлэв үү, эсвэл хүүхдийн мөнгө, зээл төдийхнөөр сонголтгүй сонголтыг барьцаалж байна уу гэж харагдана. Хэдхэн хоногийн дараа Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль эхэлнэ. Эл сонгуулийн чимээнээр МАХН-аас эхлээд АН, МАН хүртэл бэлэн мөнгө тарааж эхэлсэн сураг бий. Гэхдээ одоогоор яг таг баримтжуулаад, нотолсон зүйл байхгүй.
Ямартай ч Итгэлийн зээлийн хүрээнд олгогдох 20 сая төгрөг нь бэлэг мэт харагдсан тул 50 сая болгож нэмэх тухай зарим УИХ-ын гишүүд хэлсэн нь бий.
Эндээс л “бэлэглэлийн” 50 сая төгрөгийн зээлээ хүүхдийн мөнгөөр хачирлах гэж буй бололтой. Энэ тухай Төрийн ордоноор нэг яригдаж, бүр “Энэ зэргийн мөнгө тараачихаад сонгуульд ялахгүй байж болохгүй” гэж улайм цайм хэлэх хүмүүс олширсоор байна.
Нэгэн үед битон, данх, ууттай гурил, ул боов тараадаг байсан үе ийнхүү ард хоцорч зээл, хүүхдийн мөнгө нэртэй хахуулаар үргэлжилэх энэ увайгүй үйлдэл хаа хүртэл үргэлжлэх бол. Учир нь Монгол Улс 2021 оноос эхлэн “Хублай”, “Чингис”, “Самурай” зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртайг санаж явахад илүүдэхгүй биз ээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)