АН-аас нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах улс төрийн шийдвэр гарсан талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Мөн хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа талаараа ч мэдэгдсэн юм. Тодруулбал тэрбээр "У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ямар ч бодитой бүтээн байгуулалт хийгдсэнгүй, нийгэм, эдийн засгийг реформ явагдсангүй. Нийгэмд үүссэн шударга ёсны хэрэгжилт хангагдсангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид тавдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд бүх нийтийн жагсаалыг зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн жагсаад зогсохгүй нэлээн нухацтай хандаж бүтэн сарын улсын төрийн акцыг зохион байгуулна.
Өнөөдөр Монголын ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас өөр байхгүй байна. Зүгээр ярьдаг хэлдэг сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл гаргаж асуудалд ханддаг жижиг намууд бий.
Тэгвэл эрх баригчтай асуудлыг эн тэнцүү ярьж, ард түмний зөрчилдөөд байгаа эрх, ниймгэмд үүсээд байгаа асуудлыг таслан зогсоох эрх баригчдад хариуцлага тооцох хэмжээний үүрэг хариуцлагыг АН үүрэх чадвартай. Тиймээс АН энэ асуудалд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж улс төрийн тэмцлийн үйл ажиллагаанд шилжиж байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Мөн "АН-аас мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны захиралыг огцруулах асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэв.
АН-ын мэдэгдэлд:
Манай улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал "тэнгэр газар" шиг зөрүү бий. Өөрөөр хэлбэл, тэс хоёр өөр өгөгдөл буюу өмнөх нь уул уурхайгаас шалтгаалсан эдийн засаг, санхүүгийн хямралтай он жилүүд, харин өнөөгийнх нь экспортын бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, донор орнуудаас орж ирэх валютаар хахсан" санхүүгийн нэн таатай үе юм. Гэвч Монголбанкны хариуцдаг банк санхүүгийн үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байна.
1. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам . доллартай харьцах ханш 30 хувиар суларч, ифляц хоёр оронтой тоонд 2018 оны Улаанбаатар хотын инфляц хүрчээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа хүлээн авахад ам.доллар 1998 төгрөгийн ханштай, инфляц 1.9 хувьтай байсан юм.
2. Монголбанк ханшаа тогтоохоор авсан арга хэмжээ ч “бай”-гаа оносонгүй. 2018 онд 1 тэрбум 400 сая, 2019 он гараад 600 сая ам.долларын интервенц хийсэн боловч ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй.
3. 2 тэрбум доллар гэдэг нь Монголбанк 2016-2018 онуудад улс орон даяар малын бэлчээрээ сэндийлүүлэн, горхи булгаа устган байж олборлосон нийт алтны орлоготой тэнцэх хэмжээний гадаад валют юм. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн алтны орлогыг "ханш"-ийн салхинд хийсгэчихэж. Ийм бодлогогүй алхмаа өмөөрөх шалтгаан Монголбанкны өнөөгийн удирдлагад байх ёсгүй юм.
4. Төв банкны шинээр гаргасан үнэт цаас /ТБҮЦІ нийт мөнгө (М2)-ний дөрөвний нэг буюу 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Ингээд ТБҮЦ-ндаа 11 хувийн хүү буюу 500 гаруй тэрбум төгрөгийг арилцааны банкуудад 1 жилийн дүнгээр/ төлж байна.
5. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 3 дугаар сарын эцсээр 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр 1.9 их наяд төгрөг болж, 1.0 их наяд төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон ажээ. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж олон улсад үздэг. Учир нь банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ирэх ачаалал 20 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны урагшгүй бодлогын "горыг жирийн зээлдэгч нар үүрч байна гэж ойлгож болох юм. Монголбанкны удирдлага энэхүү "унхиагүй" асуудлаа шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахын оронд “2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байна” хэмээн хариуцлагааас бултахыг оролджээ. 2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 3-5 жилийн өмнөх үйл ажиллагаанд хамаатуулж тайлбарлах нь онолын, техникийн, логикийн хувьд ч боломжгүй юм. 2017 оны өндөр зардал гарган гадны аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж бодит байдлыг илтэд гуйвуулсан мэдээллийн олон нийтэд хүргэж байв. Төлбөрийн чадварын хувьд хүндрэлд орсон банканд хуулийн дагуу, цаг тухайд нь арга хэмжээ аваагүй улмаар "Капитал банк" дампуурч, төрийн сангууд болон иргэд аж ахуй нэгжийн асар их хэмжээний хөрөнгө эрсдэлд ороод байна. Гэтэл ажлын өдөр бүр 17 цагт арилжааны банкуудын тайлан блансыг гаргуулж тооцоо хийж, хүлээн авах үүргийг хүлээсэн хяналт шалгалтын 200 орчим байцаагч Монголбанканд ажиллаж байгаа. Тэднийг хянадаг удирдлага ч бий. Гэтэл банкны чанаргүй зээл 80 хувь хүртлээ өсч, алдагдал нь хэдэн зуун тэрбум төгрөгт хүрснийг мэдэхгүй "унтаж" байх боломжгүй. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монгол улсын банк, санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах нь тодорхойгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан эдийн засаг, санхүүгийн хамгийн таатай нөхцөл бүрдсэн өнөө үед Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4.1 дэх заалтад заасан "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үндсэн үүргээ биелүүлэх нь бүү хэл улам дордуулсныг дээд дурдсан баримтууд нотолж байна.
Иймд хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (28)