НМХГ-аас 2019 онд сургуулийн өмнөх боловсролын 282 байгууллагад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар давхцсан тоогоор 2860 зөрчил илэрсэн тухайг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр "шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээ авч ажилласан. Түүнчлэн 114 албан тушаалтанд 44 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Мөн цэцэрлэгүүдэд нийтлэг зөрчлүүд илэрсэн. Эдгээрээс тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байна. Цэцэрлэгүүдийн 25 хувь нь эрхлэгчгүй, 58 хувь нь мэргэжлийн багшгүй, 36 цэцэрлэг зориулалтын байргүй, гадаа тоглоом, биеийн тамирын талбай, заалгүй байсан зэрэг зөрчил илэрсэн. Мөн эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр шалгахад төрийн өмчийн зарим цэцэрлэгүүдийн барилга байгууламж хуучирч дээвэр, хана, цэвэр бохир усны шугам сүлжээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна. Дээр нь нормоос 1.2-2 дахин их байгаа нь багш, ажилчдын хөдөлмөрийн чадавхид нөлөөлөх, хүүхдийн амьсгалах агаар хангалтгүй болох, халдварт өвчин дэгдэх зэрэг эрсдлийг бий болгож байна” гэлээ.
Мөн “Баянгол дүүргийн "Сөдөөхэй" цэцэрлэгийн хувьд 2018 онд иргэдээс гомдол ирж байсан. Шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учир прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагааг нь зогсоосон. Баянгол дүүргийн цагдаад мэдэгдсэн. Гэтэл тухайн цэцэрлэг өөрсдийн дураар дахин үйл ажиллагаа явуулсан байсан. Тиймээс дахин хаасан. “Мандах наран” цэцэрлэгтэй холбоотой гомдол ирээгүй. Сургуулийн өмнөх насны байгууллага буюу цэцэрлэгийн байр нь зориулалтын байх ёстой. Эсвэл мэргэжлийн байгууллагаар батлуулсан зургаар зориулалтын бус байрыг тохижуулж болно. Эдгээрээс гадна багшийн ёс зүйтэй холбоотой гомдол цөөнгүй ирдэг. Шалгаж үзэхэд туслах багш бэлтгэх ажлыг НХХЯ-наас зохион байгуулдаг. Нөгөөтэйгүүр, багш бэлтгэх түр сургалтын эрх маш олон байгууллага, иргэдийн гар дээр байдаг. Эдгээр нь 150-200 мянган төгрөгөөр багш бэлтгэдэг. Эндээс багшлах эрхийг хууль бусаар олгодог байхыг үгүйсгэхгүй.
Гэтэл шалгалтыг хангалтгүй авдаг. Ажилд авахдаа шаардлага сул зэргээс болж асуудал үүсдэг. Тиймээс НХХЯ-анд санал тавьсан. Стандарт хангасан багш бэлтгэхээр ажиллаж байна.
Г.Эрдэнэ