МАН-ын Хяналтын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиир, Ш.Раднаасэд нарыг ирэх сонгуулиар МАН-аас нэр дэвших эрхийг нь хассан юм. Уг шийдвэрт ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж намын дүрмийн дагуу асуудал ярьсан байна. Хурлаар Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан юм байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс ойлголоо. УИХ дахь намын бүлэг энэ шийдвэрийг буруу гэж үзэж байгаа. Би ч гэсэн Батбаатар даргатай хоёр ч удаа ярьсан. Нэгдүгээрт, Ш.Раднаасэд гишүүнийг хөөн хэлэлцэх асуудалд, Д.Дамба-Очир гишүүнд Оюутолгойн компанид бичиг гаргаж өгснөөс үүдэж ийм шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Үүнийхэн төлөө хариуцлага хүлээлгэж болохгүй. Д.Дамба-Очир гишүүн Оюутолгойд бичиг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй. Шалгуулсан байгууллага хүсэлт гаргасны дагуу бичиг өгсөн юм байна лээ. Би Намын хяналтын байгууллагыг энэ шийдвэрээ эргэж харах гэж бичиг хүргүүлсэн. Шийд гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй байх. Арай хурдан, нотлох баримт бүрдээгүй байхад гоомой шийдвэр гаргасан юм биш биз гээд Намын Хяналын хороог дахин хуралдаж энэ асуудлыг авч үзээч ээ, УИХ-ын гишүүнийг үг хэлж, байр сууриа илэрхийлсний төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсны төлөө ийм шийдвэр гаргаал байвал цаашид УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу гэдэг асуудал яригдана.
Намын эв нэгдэлд харш, намын бодлого шийдвэрийг эрс зөрчсөн, хууль зөрчсөн нь тогтоогдсон үед арга хэмжээ авна. Түүнээс биш хэвлэлээр гарсан зүйлийн төлөө арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүнд арга хэмжээ авахуулахгүй хүн байхгүй болж магадгүй. Оюутолгойн дүгнэлтийг ирэх даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Дахин хуралдаж шийдвэрээ хүчингүй болгох талаар ярилцах хүсэлтийг даргад нь албан ёсоор тавилаа" гэлээ.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (17)