Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд өчигдөр хориг тавьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Татварын багц хуульд хориг тавьлаа. Ингэх ямар үндэслэл байсан юм бэ?
-Энэ хуулийг хэлэлцэж байх явцад Ерөнхийлөгчөөс хэд хэдэн тодорхой санал ирүүлсэн. Уг саналыг УИХ-ын гишүүд бүгдийг нь тусгасан гэж үзэж байна. Өчигдрийн хоригийг нь ч хэлэлцэж л таарах байх.
-Бүлгийн дэд даргын хувьд ирэх долоо хоногийн бүлгийн хурлаараа хэлэлцэх болов уу. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх хугацаа байдаг биз дээ?
-Тийм. Мэдээж хугацаатай тул уг асуудлыг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэх байх.
-Татварын багц хууль тийм асуудалтай батлагдсан юм уу?
-Уг нь энэ хуулиар хэд хэдэн томоохон асуудлыг шийдсэн. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн татварын тайлан, өр төлбөр, хувь хэмжээтэй холбогдуулан хөнгөлж өгсөн. Энэ хүрээнд 300 хүртэлх сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь, 1.5 хүртэлх тэрбум төгрөгийн жилийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварын 100 хувь авч 90 хувийг нь буцааж өгнө. Мөн татварын тайланг хялбарчилсан буюу жилд хоёр удаа тайлагнадаг байх зэрэг өөрчлөлт орсон. Тиймээс Ерөнхийлөгчийн хориг тавьсан асуудлыг яаралтай хэлэлцэж, хуулийн хэрэгжилтийн хангах ёстой.
-Яагаад хориг тавих болсон юм бол. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригт томоохон аж ахуйн нэгж ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд энэ заалтад орох эрсдэлтэй юм байна. Тиймээс үндэсний эрх ашгийн үүднээс эдгээр аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа хөнгөлөлтөд гаднын аж ахуйн нэгжүүдийн асуудлыг авч үзээч гэсэн. Тиймээс хэлэлцүүлгийн явцад сайжруулаад явна гэж бодож байна.
-Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хуралдааныг яагаад хойшлуулсан юм бэ?
-Ажлын хэсэг байгуулагдаад жил орчим болж байна. Дүгнэлтээ гаргасан ч ажлын хэсэгт орсон зарим гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зураагүй байна. Мөн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээгүй байх үед “Рио Тинто”-д ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэсэн асуудал гарсан. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд холбогдох байгууллагуудаас нууцын зэрэглэлтэй материалууд нэмж ирсэн. Тиймээс уг материалтай танилцах хугацаа олгох ёстой бөгөөд ажлын хэсгийн зарим гишүүд дотроо санал нийлэхгүй байгаа асуудал бий.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)