Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд хориг тавьснаа өчигдөр мэдэгдсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Энэ хоригтой огт санал нийлэхгүй байна. Үндэслэлгүй, доторх зүйлээ ойлголгүйгээр ийм хориг тавьсан байна. Тухайлбал, Оюутолгойд давуу байдал олгох гэж байна гэдэг зүйл энэ хоригт дурдагдсан байна. Хуульд “Ашигт малтмал, цацраг ихдэвхт бодис, газрын тосны хайгуулын болон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид нөлөөлөхгүй, үйлчлэхгүй” гэж хуулийн 4.1.12, 30.1-д заасан байна.
Хуульд цагаан цаасан дээр хараар “нөлөөлөхгүй” гээд бичсэн байхад дахиад ийм хориг оруулж ирж байгаад гайхаж байна.
Ойлгосон хэрнээ тоглож байгаа юм уу. Яг яах гээд байгааг нь огт ойлгохгүй байна.
Хоёрдугаарт, үнэ шилжилтийн мөнгөн капиталжуулалтыг дордууллаа гэж байна. Дордуулаагүй эсэргээрээ дээрдүүлсэн. Учир нь Монгол Улс татварын асуудлаар Европын холбооны улсаас гаргадаг хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарахын нэг нөхцөл нь үнэ шилжүүлэхийн эсрэг зүйл Монгол Улсын Татварын хуульд байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниуд үйл ажиллагаа явуулах боломж олгож байна гэсэн учраас “BEPS”-ийн зарчмуудыг хуульд оруулж өгсөн. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан.
Гэтэл хориг тавьсан нь үндэслэлгүй.
Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулахаар зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулж, уг татварыг дахин дахин бууруулж таван хувь болгосон нь гаднаас мөнгө оруулж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилготой. Зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм асуудал оруулсан. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд татварын хялбаршуулсан горимын дагуу жилд нэг удаа татварын тайлан гаргавал хуульд заасан бүх төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болно. Үүнээс гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасагдуулах эрхгүй болох зохицуулалт тусгасан. Энэ бол аж ахуйн нэгжүүдэд өгсөн сонголт. Тиймээс энэ хоригийг хүлээж авах боломжгүй, эдийн засгийн өсөлтийг хаасан хориг байна” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (13)