Замын-Үүд суманд 2019 оны нэгдүгээр сард зорчигч тээврийн автобусны осолдож, хоёр иргэн нас барсан билээ. Уг ослын улмаас 30 гаруй иргэн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэгвэл эдгээр иргэдийн нэг нь өвчнөө даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тиймээс тухайн үед автобусанд зорчиж явсан хохирогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хохирогчид “45 хүний суудалтай автобуснаас 40 гаруй хүн эмнэлгийн анхан шатны тусламж авч, 37 орчим хүн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Хүнд гэмтэлтэй долоо, хүндэвтэр гэмтэлтэй 14 хүн байгаа гэсэн. Үнэндээ өнөөдөр автобусанд зорчиж явсан хүмүүсийн ард 20 гаруй айл ядуугийн түвшинд хүрсэн. Эхнэр, нөхөр нь гэмтсэн хүнээ хараад ажлаа хийж чадахгүй байна. Автобусанд зорчиж явсан иргэдийн дунд хөдөө, орон нутгийн хүмүүс маш их байсан. Тэдэн дунд хүн, хөнгөн гэмтэлтэй хүмүүс их бий учраас өнөөдөр ирж чадсангүй. Гэтэл АТҮТ болоод автобусны эзэмшигч болох “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн зүгээс одоо болтол хохирол барагдуулсангүй. АТҮТ, “Дэлгэрэх хүнс” ХХК-иас “Чиний, миний буруу” гээд бие бие рүүгээ буруугаа чихэж байна. Нэг удаа 100-900 мянган төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон гэж “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн хуулийн зөвлөх мэдэгдсэн.
Нийт 20 сая төгрөгийг бидэнд хувааж өгсөн. Гэтэл энэ мөнгө нь үнэн хэрэгтээ автобус жолоодож яваад амь насаа алдсан жолоочид өгөхөөр цуглуулсан хандивын мөнгө болж таарсан” гэлээ.
Харин тухайн үед автобусыг жолоодож явсан жолоочийн дүү “Манай ахын талаар буруу ташаа мэдээлэл явж байна. Тухайлбал, насанд хүрээгүй, жолооны үнэмлэхгүй гэж гүтгэсэн учраас жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийн авч ирлээ. АТҮТ-ийн ажилтан Цолмон Улаанбаатараас-Замын-Үүд рүү явуулах төлөвлөлт гаргасны дагуу ажлаа хийж явсан. Хандивын аян зохион байгуулагдсан байсан. Энэ хандив хэнд зориулагдсан бэ гэдгийг асуухад “Осолдсон жолооч болон зорчигч нарын эмчилгээний зардалд зориулагдсан гэсэн. Нийт 20 сая 350 мянган төгрөг цугларсан байсан.
Энэ мөнгө Төрийн банк, Хаанбанкнаас “Дэлгэрэх хүнс” компанийн данс руу шилжсэн байдаг. Хаанбанкнаас дөрвөн сая 570 мянган төгрөг нэгдүгээр сарын 21 өдөр “Дэлгэрэх хүнс” компанийн данс руу шилжсэн байна. Мөн өдөр Төрийн банкнаас 15 сая 780 мянган төгрөг шилжсэн байна” гэв.
Хохирогчид ““Дэлгэрэх хүнс” компаниас болж насан туршдаа хохирсон. Эв эрүүл, саруул автобусанд суусан боловч насан туршдаа хөлгүй болж хохирлоо. Би урдаас бараагаа авахаар явсан боловч энэ хохирлын улмаас лангуугаа хураалгаж, бизнесээ зогсоосон. Үүний улмаас банкны зээлээ төлж чадахгүй байна. Хохирлоо барагдуулахыг хүсэхэд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал болох н.Жаргал огт утсаа авдаггүй. Баттогтох гээд менежер нь залгахаар авдаг ч тодорхой хариу хэлдэггүй” гэдгийг хэлсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (9)