Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцжээ.
Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологи зэрэг чиглэлд хэд, хэдэн иргэн, үйлдвэр туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.
Тухайлбал, гарааны “Био ундарга” үйлдвэр гэхэд монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” нэртэй бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн Төв Азийн хөрс судлалын холбоо хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл био хаягдал ашиглан компост бордоо гарган авч, бордоогоороо хөрсний доройтлыг сайжруулах арга технологийг илүү нарийн судалж байгаа аж.
Эдгээр компаниудын аль аль нь сайн технологийг нутагшуулж өндөр чанарын бордоо гарган авч байгаа ч импортын төрөл бүрийн нийлмэл бордоо ихээр орж ирдэг нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг байна. Харин борлуулалтыг нь дэмжвэл зээл, тусламж шаардагдахгүйгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой тул энэ асуудалд харьяа газар, салбар яам нь анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөрс судлал, шимт хөрсний туршилтын ажилтай танилцаж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй ярилцсаны дараа “Шимт хөрс бий болгох, компост бордоо үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн нь хөрсийг хамгаалж, үр шимийг нэмэгдүүлэхэд тустай ажил болно гэдэгт илтгэлтэй” байгаагаа илэрхийллээ.
Мөн хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлын талаар “…Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудлыг олон жилийн турш ярьж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, мах хүнсний ногооны хангамжийн асуудлаар чуулган хийсэн. Компани, хувь хүн бүр дор бүрийнхээ асуудлыг ярих бус нэгдэж ярилцаж, нэг тоо статистиктай, нэгдсэн асуудал ярьдаг болох нь чухал” гэсэн юм.
Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагвад захиас, даалгавар өгсөн талаараа хэлж, тус холбооноос зохион байгуулах хүнсчдийн ээлжит бус онц хуралд идэвхтэй оролцож, саналаа бодлоо тусгах хэрэгтэйг хэллээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба