С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ.
УИХ-аас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг судлах, олон улсын парламентын холбооноос гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг судлан үзэж дүгнэлт гаргах Түр хороо байгуулагдсан. Түр хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, анхны хэлэлцүүлгээ хийхээр болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдрийн хурлаараа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдүүдийг шүүсэн шүүгч нарын асуудлыг ярина. Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгч Алдар, Оюунчимэг, Мөнх-Эрдэнэ нар уг хэргийг буруу шийдвэрлэсэн. Монгол Улсын гурван иргэнийг эрүүдэн шүүх замаар хилс хэрэг тулгасан гэж Түр хорооны гишүүд үзэж байна. Харин давж заалдах шатанд шүүгч Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан нар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. хяналтын шатны шүүх дээр Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэ, Балсүрэн нарын шүүгч нар шүүсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг шүүгч нар гэж ойлгож болно.
Дээрх шүүгчдийг чөлөөлж, огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ. Ялангуяа хяналтын шатны шүүгч нар бол Ц.Элбэгдоржийн гар хөл болж явдаг шүүгч нар юм. Шударга бусын хонгилоор чирч оруулдаг шүүгч нар гэж үзэж байгаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг буруу шийдвэрлэсэн, иргэдэд хилс хэрэг тохож ял өгсөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгчийг чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Эдгээр шүүгчдийг огцруулахаас нааш бид тэмцэлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна.
Мөн дээрх шүүгчдийг Түр хорооны хурал дээр ирүүлж Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өнөөдөр үзүүлнэ. Улсын Ерөнхий прокурор руу хүсэлт тавьж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой хавтаст хэргийг Түр хороонд ирүүлж байна. Улсын нууц болон нууцад үл хамаарах материалтай хорооны гишүүд танилцана. Хилс хэрэг хүлээсэн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллах ажлыг нэн даруй зохион байгуулна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)