Одоогоос хэдэн жилийн өмнө АНУ-ын хоёр иргэн ОХУ-аас таван настай хүүг үрчилж авчээ. Хоёр жилийн дараа дээрх иргэд хүүг зүүгээр 100 удаа шивж хөнөөсөн болох нь илэрч дуулиан тарьж байв. Эл харгис хэргийг мэдсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин тэр даруй ДУМ-ын гишүүдийг шөнийн 03.00 цагт хуралдуулж, АНУ-ын иргэнд хүүхэд үрчлүүлэхгүй байх хууль баталсан юм. Угтаа АНУ нь эдийн засаг, цэрэг армийн сүр хүчээрээ дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэгд тооцогддог.
Гэвч хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа зэрлэг балмадаар балчир хүүг хороосон эл хэрэгт оросууд өөрсдийн эрх ашгаа харсан шийдлээс илүүтэй иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, дээрх хуулийг баталсан юм.
Тэгвэл манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг төрийн эрх баригчид хамгаалж, хайрлаж чадаж байна уу. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга “Төрийн тэргүүн өглөө бүр хүүхдийн эрхийг хөндсөн асуудалд анхаарлаа хандуулж, ажлаа эхлүүлдэг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Харамсалтай нь энэ үгийг үнэн гэж итгэхэд хэцүү. Учир нь сүүлийн гуравхан жилийн дотор гэхэд олон тооны бага насны хүүхэд бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн золиос болж, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохироод зогсохгүй амь насаа хүртэл алдсан.
Эндээс л Ерөнхийлөгч Х.Баттулгын өглөө бүр хүүхдийн хүчирхийлэлд анхаарал хандуулдаг гэдэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би Монголоо зүүдэлж сэрлээ” гэж цаасан малгай өмсгөсөнтэй ялгаагүй мэт.
Хэрэв зээ, үнэхээр л өглөө бүр уг асуудалд анхаарал хандуулдаг байсан бол өдийд УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулдаг болох хууль санаачилж суухгүй байсан нь лавтай. Үгүй ядаж дээрх хуулийг батлуулсныхаа дараа хүчирхийлэлд өртөж, шаналж буй бяцхан үрсэд анхаарал хандуулах боломжтой байсан. Гэвч тэрбээр ингэсэн удаагүй шахуу. Ерөнхийлөгчийг ийнхүү “өглөө бүр хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаарал хандуулан завгүй” явах зуур УИХ-ын гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Гэр бүлийн тухай хуулийг чангаруулах нь зүйтэй. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж уриалсан бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэсэн юм. Харин Л.Болд гишүүн Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорьдог болох хуулийн заалттай болгохоор ажиллана. Хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж мэдэгдсэн.
Эндээс үзвэл, бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болж буйд эмэгтэй гишүүд гэлтгүй УИХ дахь хамгийн "шударга" гишүүдээр тодроод буй Л.Болд, Ж.Батзандан нар ч гэсэн үүнд санаа зовниж буй бололтой юм.
Хамгийн гол нь тэдний үзэл баримтлал, санал санаачилга бүхэн нэгдмэл бус харин ч олон тийш харсан нь асуудлыг шийдэх гаргалгаа гаргах бус харин ч үр дүнг саармагжуулах муу талтай. Тиймээс нэгдмэл нэг санаа, зорилготой байгаач гэж УИХ-ын гишүүдээс хүсье.
Нөгөөтэйгүүр, дээрх гишүүд байр сууриа илэрхийлсний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь эмэгтэй гишүүдтэй гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид, эмэгтэйчүүдийн асуудлаар уулзсан юм. Ингэхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээр хийхээ багасга. Цаг алдалгүй ажил хэрэгтээ ор” гэж хэлсэн юм. Ийнхүү тэрбээр парламетын эмэгтэй гишүүдэд “анхааруулга” өгснөөр өөртөө нэг оноо авч чадсан. Гэхдээ энд Ерөнхийлөгч өөртөө оноо авах эсэх нь огтхон ч хамаагүй.
Харин америк гэр бүлд үрчлэгдэж, улмаар зэрлэг балмадаар амиа алдсан хүүхгийн алдааг дахин давтахгүйн тулд улстөрчийн болоод хувь хүнийхээ үүднээс зангарагтай шийдвэр гаргаж чадсан Владимир Путин шиг байж чаддаггүй юм гэхэд сүүдэрт нь дөхөхөөр шийдвэр гаргаач гэдгийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хүсэе.
Тэгэхгүй бол улсын ирээдүй болсон үр хүүхдүүд чинь хүчирхийлэгчдийн гарын шүүс болж, сэтгэл санаа болоод бие махбодийн эмгэгтэй болж дуусах нь ээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)