Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн салбарын байгууллагууд Сүхбаатарын талбайд болон 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүргүүд өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг өдөрлөг зохион байгуулж байна.
Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөгт 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн бирж оролцох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох аж.
Төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөрлөгийн үеэр танилцуулснаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Энэ талаар ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан.
Нээлттэй хаалганы өдөрлөгт манай салбарын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
Тиймээс иргэд идэвхтэй оролцож нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын захиалга өгсөн. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлнэ. Тиймээс өдөрлөгт ирсэнээр ажилд зуучлуулах нээлттэй болж байна.
Харин бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл ажил хайж байгаа хүмүүст том боломж олгож байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ нэг дор болно” гэлээ.