Монголчуудын ой тоонд “ТОП” хэмээн алдаршиж, хоногштол нь хэвшүүлсэн дөрвөн спорт бий. Тэр нь ЖҮДО, БОКС, ЧӨЛӨӨТ, БУУДЛАГА. Учир нь анхны олимпийн аварга төрсөн, төрүүлсэн гэхээсээ эдгээр спортод монголчууд дотроосоо, сэтгэл зүрхнээсээ хайртай байдаг юм. Тэгэхээс ч аргагүй. НҮБ-ын ногоон индэрээс тусгаар улсаа зарласнаас хойш Азидаа төдийгүй дэлхийн дэвжээнд тамирчдаараа дамжуулж хүч үзэх эрхтэй болсон цөөхөн монголчууд ОХУ, Хятад гэсэн хоёр том гүрний дундаас тодорч, өөрсдийгөө тамгалж эхэлсэн учраас тэр.
Таван тивийн долоон тэрбум хүнээс хамгийн шилдэг гэсэн тодотголтойгоор шигшигдсэн тамирчдын хүч сорьдог хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны олимпийн наадамд тэр үеэс монгол хүн оролцож Мексикийн Мехикогийн чөлөөт бөхийн дэвжээнд Монгол Улсын Төрийн далбаа Жигжидийн Мөнхбат хэмээх агуу аваргын хүч, хөлсөөр дэлхий нийтэд ямар нэгэн цензургүйгээр мандаж байлаа шүү дээ. Түүнээс хойш Монголын тамирчдын залгамж халаа явсаар олимпийн хоёр түүнээс хэд дахин үржигдэх дэлхийн аваргуудыг өлгийдөн авчээ.
Гагцхүү олимпийн аварга ээлж дараалан төрсөн тэрхүү өдрөөс хойш нэгэн аравны дараа “ТОП-4” спортын төрөлд 29 настай О.Насанбурмаа хэмээх шавилхан бүсгүй Монголын спортын, чөлөөт бөхийн түүхийн хуудсыг шинээр бичсэн билээ. Алтан хуудсаар бичигдэх амжилтаа тэрбээр алтын дайтай мөнгөн медалиар сийлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу. Тамирчны гараагаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхлүүлсэн О.Насанбурмаад чөлөөт бөхөөр хичээллэх зөвлөгөө өгч байсан эгчийнх нь санал өдгөө түүнийг дэлхийн энтэй, Монголын бахархал хэдийнэ болгожээ. Чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргаас хамгийн залуудаа буюу 16 насандаа хүрэл медаль хүртсэн О.Насанбурмаа дэлхийн аваргын дэвжээнд дөрвөн удаа хүрэл медалийн төлөө барилдаж, гуравт нь ялсан Монголын чөлөөт бөхийн цорын ганц тамирчин явсан тэрээр намтраа ийнхүү арвижуулсан юм.
Жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан зургаахан хүчтэн байдаг нь Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (хоёр алт, нэг мөнгө), З.Ойдов (хоёр алт, нэг хүрэл), Х.Баянмөнх (нэг алт, хоёр мөнгө), Д.Сумъяа (алт, хошой хүрэл), гавьяат тамирчин О.Бурмаа (нэг мөнгө, хоёр хүрэл) нар юм. Харин Унгарын Будапешт хотноо зохион байгуулж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэнээр тэргүүн эгнээнд бичигдэх гавьяатай болсон хэрэг.
Эндээс ганцхан асуулт гарч ирж байна. Асуулт гэхээсээ Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дайх үг гэвэл илүү үнэнд нийцнэ. Тэр тусмаа сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржид. Юу гэхээр О.Насанбурмаад Хөдөлмөрийн баатар цол олгоё, түүнд нь Та оройлон оролц аварга аа Таныг тодорхойлолт бичлээ гээд шүүмжлэх, эгдүүцэх хүн гарахгүй. Харин ч баярлана, нийтээрээ алга ташин хүлээж авна.
Санаж байгаа бол Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг олимпийн мөнгөн медаль хүртээд ирснийх нь дараа болсон Жүдо бөхийн холбооны хурлаар нэгэн яриа өрнөсөн байдаг. Тэгэхэд холбооны ерөнхийлөгч одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлохоор ярилцаж байгаа тухайгаа багш, дасгалжуулагчид дуулгасан гэдэг.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү саналаас татгалзаж “Энэ бүгдийг би ямар нэгэн шагналын төлөө хийгээгүй. Надад Хөдөлмөрийн баатар цол олгуулах бодлоо энэ мөчөөс эхлээд орхихыг та нараас хүсье. Харин хэдүүлээ Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Сумьяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлъё. Ард түмэн ч дэмжих байх. Сумъяа үнэхээр сайн барилдсан, алтын дайтай мөнгө авсан. Нутгийн дэвжээ нь л түшлээ, хэрвээ Бразилийн тамирчин биш байсан бол манай Сумъяа алт авах байсан. Энэ удаагийн олимп бүх зүйл ганц тамирчнаас шалтаалдаггүйг Монголын ард түмэнд бодитойгоор харууллаа. Хэрвээ манай Сумъяагийн оронд Японы бөх, чөлөөтийн Мандахнарангийн оронд Оросын тамирчин ийм байдалд орсон бол медалийн өнгө найдвартай хувирах, нэг нь медалийн тавцанд зогсох байлаа. Энэ бол жижиг, тэгээд эв нэгдэлгүй улсын зовлонг их спортод хүртэл ашиглаж байгаа нь тэр юм” хэмээн хариулсан байдаг.
Үүн шиг ДАШТ-ээс гурван медаль хүртсэн зургаан хүчтэний тоог нэгээр нэмж, бүр мөнгөн медалиар дөрөв болгон шинэ хуудас нээсэн О.Насанбурмаад Хөдөлмөрийн баатар цол олгоё. Үзгээ ав АСА аварга аа, одоо л тодорхойлолт бичдэг цаг. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан, тамирчин хүний хөлс, хүч, амжилт гавьяаг ямар үнэ цэнээр олддогийг хамгийн сайн мэдэх хүн нь ТА.
Б.Жаргал
Сэтгэгдэл (21)